ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД ХАМРУУЛЖЭЭ
2023-10-04 Админ Хандсан тоо: 180 ХуваалцахТоймын төрөл: Шийдвэрийн тойм
Шийдвэрийн дугаар: 2022 оны 3 сарын 03-ны өдөр №252
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон,
2023.01.23 шийдвэр-тойм: №06
Санамж: Энэ тойм нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын дэлгэрэнгүйтэй https://shuukh.mn холбоосоор танилцана уу.
Агуулга: Болдоо нь 2021 оны 6 дугаар сарын 02-ноос 03-ны шилжих шөнө Батын нүүрэн тус газар хөлөөрөө өшиглөж зодсоноос эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Түүний үйлдлийг цагдаагийн байгууллагаас шатанд шалгаж, прокурор яллах дүгнэлт үйлдэж гэм буруутай эсэхийг шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх Болдоод 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оноожээ.
Болдоогийн өмгөөлөгчөөс “анхан шатны шүүхээс Болдоод оноосон ялыг өршөөж өгнө үү” гэж давж заалдах гомдол гаргаснаар хэргийг давж заалдах шатны шүүх хэлэлцээд гомдлыг хүлээн авсан байна.
Тодруулбал, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд “ялаас өршөөн хэлтрүүлэхэд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байх”-ыг заасан бөгөөд Болдоо нь хохирогч Батын эрүүл мэндэд учирсан 8.300.000 төгрөгөөс 7.100.000 төгрөгийг төлж, үлдэх хохирлыг төлөхөө илэрхийлсэн учраас давж заалдах шатны шүүх Болдоод анхан шатны шүүхийн оногдуулсан 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөн хэлтрүүлж шийдвэрлэжээ.
Тойм бэлтгэсэн: Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Зориг