МӨРДӨГЧ НЬ ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ БҮХИЙ БАРИМТЫГ АЛИВАА БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТНААС ГАРГУУЛАН АВАХАД ПРОКУРОРООС ЗӨВШӨӨРӨЛ АВАХ ШААРДЛАГАТАЙ
2023-10-04 Админ Хандсан тоо: 182 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм

Шүүхийн нэр, Шийдвэрийн дугаар: Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр №10

Шүүхийн шийдвэрийн тойм №8, 2023.4.13

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй хэргийн мөрдөгч нь “Ф” банканд ажиллаж байсан ажилтнуудын дэлгэрэнгүй мэдээлэл, тэдгээрийн ажлын байрны тодорхойлолт, тушаал, хөдөлмөрийн гэрээ зэргийг гаргуулахаар тухайн банк руу албан бичиг хүргүүлжээ.

 “Ф” банкнаас “Прокурорын зөвшөөрөлгүй тул албан бичигт дурдсан мэдээлэл, баримт бичгийг гарган өгөх боломжгүй, харин прокурор зөвшөөрсөн тохиолдолд гаргаж өгөх боломжтой” гэсэн агуулга бүхий хариу өгчээ.

Авлигатай тэмцэх газраас “Ф” банкны дээрх үйлдэл нь төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд саад учруулсан зөрчлийн шинжтэй гэж дүгнэж, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар “Ф” банк /хуулийн этгээд/-ийг 2.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.500.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсныг анхан шатны шүүх уг шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Авлигатай тэмцэх газрын эрх бүхий албан тушаалтан “...Тус мэдээлэл, баримт бичгийг “Ф” банкнаас гаргуулан авахад прокурорын зөвшөөрөл авах шаардлагагүй, ...“Ф” банк нь баримт бичиг гарган өгөхөөс үндэслэлгүйгээр татгалзсан, ...баримт, материалыг ирүүлээгүйгээс мөрдөн шалгах ажиллагаа удааширч байна, ...анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцээгүй тул хүчингүй болгож өгнө үү...” гэж давж заалдах гомдол гаргасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.5 дугаар зүйлд: 

“... 2.Мөрдөгч нь төрийн нууц, хувь хүний эрүүл мэнд, захидал харилцааны нууцтай холбоотойгоос бусад бусад мэдээлэл, баримт бичгийг байгууллага, албан тушаалтан, хүнээс гаргуулан авч болно.

3.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан байгууллага, албан тушаалтан, хүн нь прокурорын шийдвэрт заасан хугацаанд мэдээлэл, баримт бичгийг гарган өгч, нууцлалыг хадгална.” гэж заасан байна.

Хуулийн уг зохицуулалтаас үзэхэд мөрдөгч нь төрийн нууц, хүний эрүүл мэнд, захидал харилцааны нууцтай холбоотойгоос бусад, эрүүгийн хэрэгт ач холбогдол бүхий мэдээлэл, баримт бичгийг холбогдох байгууллага, албан тушаалтнаас гаргуулан авахдаа прокуророос зөвшөөрөл авах шаардлагатай гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Мөн Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11 дэх заалтад “хүний хувийн мэдээлэл” гэдэгт хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох, эсхүл тодорхойлох боломжтой бусад мэдээллийг хамруулахаар заасан.

Авлигатай тэмцэх газраас шалгаж буй хэрэгт “Ф” банкнаас шаардсан тус банкны ажилчдын “дэлгэрэнгүй мэдээлэл, тэдний ажлын байрны тодорхойлолт, тушаал, хөдөлмөрийн гэрээ” зэрэг мэдээллүүд нь хуульд заасан “хүний хувийн мэдээлэл”-д хамаарах ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар прокурорын зөвшөөрөл, шийдвэрээр гаргуулах баримт бичигт хамаарч байна.

Мөн Банкны тухай хуульд нууцад хамааруулсан аливаа мэдээлэл, баримт бичгийг прокурорын зөвшөөрөлтэй тохиолдолд л гаргуулахаар заасан тул Авлигатай тэмцэх газар нь мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд “Ф” банкнаас уг баримт, мэдээллийг гаргуулахдаа прокурорын зөвшөөрөл авах ёстой байсан, “Ф” банк нь Авлигатай тэмцэх газраас шаардсан мэдээлэл, баримтыг гарган өгөхөөс татгалзсаныг буруутгах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх үзэж,

“Ф” банк /хуулийн этгээд/-д торгох шийтгэл оногдуулсан эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 Тойм бэлтгэсэн: Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч