ЯЛТАН Д.МОНГОЛХҮҮД ЗОРЧИХ ЭРХ ХЯЗГААРЛАХ ЯЛЫГ ХОРИХ ЯЛААР СОЛЬСОН ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОВ
2023-10-04 Админ Хандсан тоо: 195 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм

Шийдвэрийн дугаар: 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 22

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй. 2023.5.09 шийдвэр-тойм: №10

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй, бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно”. 

Агуулга: Баянзүрх дүүргийн прокуророос ялтан Д.Монголхүүгийн зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар солиулахаар прокурорын дүгнэлт үйлдэж эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны материалыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.   

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Д.Монголхүүг зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж байх хугацаандаа 2 удаа зөрчиж ял эдлүүлэх ажиллагаанд санаатайгаар саад учруулсан болох нь тогтоогдсон гэж үзэж Д.Монголхүүгийн эдлээгүй үлдсэн 6 сар, 8 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар сольж шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх ялтан Д.Монголхүүгийн өмгөөлөгч Б.Баяраагийн гомдлыг үндэслэн шүүгчийн захирамжийг хянаж үзээд, Д.Монголхүүг 2023 оны 2 дугаар сарын 25-ны өдөр цахим хяналтын төхөөрөмжийг унтрааж ял эдлүүлэх ажиллагаанд санаатайгаар саад учруулсан болох нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны материалд авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна гэж үзсэн. 

Харин ялтан Д.Монголхүүгийн зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж байх хугацаандаа буюу 2023 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр тогтоогдсон маршрутаас гарсан зөрчил үйлдсэн нь тогтоогдохгүй байна гэж үзлээ. 

Учир нь Д.Монголхүүд анхан шатны шүүхээс тогтоосон Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглосон хязгаарлалтыг 2023 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 09 цаг 00 минутаас 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 09 цаг 00 минут хүртэл 1 хоногийн хугацаанд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс Баянгол дүүргийн 7 дугаар хороонд байрлах Гэмтэл согог судлалын үндэсний төв хүртэл зорчих бүсчлэлийг прокурорын зөвшөөрлөөр өөрчлөн тогтоосон байна. 

Гэтэл ялтан Д.Монголхүү шийдвэр гүйцэтгэгчийн тогтоосон чиглэлээр буюу 2023 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төв орохдоо тогтоосон маршрутаар явсан боловч буцахдаа өөр замаар явж маршрутаа өөрчилж Баянгол дүүргийн 18 дугаар хороонд байсныг шийдвэр гүйцэтгэгч мэдсэн даруйдаа ялтанд мэдэгдсэнээр ялтан Д.Монголхүү нь шаардлагын дагуу 24 цагийн хугацаандаа тогтоосон бүс болох өөрийн оршин суудаг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт ирсэн болох нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны материалд авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

Энэ нөхцөл байдал нь бие даасан зөрчил биш байх тул зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх журмыг зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм. 

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 2023/ШЗ/993 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Д.Монголхүүгийн цагдан хоригдсон 36 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд оруулан тооцож, түүнийг нэн даруй суллаж, ялтан Д.Монголхүүд шүүхээс авсан биелэгдээгүй зорчих эрхийг хязгаарлах ялыг үргэлжлүүлэн эдлүүлэхээр шийдвэрлэв. 

Тойм бэлтгэсэн: Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг