ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ГЭРЭЭНЭЭС ТАТГАЛЗААГҮЙ БОЛ ГЭРЭЭНИЙ ДАГУУ ҮНИЙГ ТӨЛӨХ ҮҮРЭГ ХҮЛЭЭНЭ
2023-11-13 Админ Хандсан тоо: 153 ХуваалцахТоймын төрөл: Шийдвэрийн тойм
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, 2023-02-01 104/ШШ2023/00056
Тоймын дугаар, огноо: №2, 2023-02-27
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй
Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Агуулга: Нэхэмжлэгч Б хариуцагч Б-д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэг үхрийн үнэ 3.200.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч Б хариу тайлбартаа “11 толгой сүүний чиглэлийн үхрийг худалдаж, худалдан авахаар тохирсон нь үнэн. Худалдан авсан үхэр анх тохирсон шиг сүүний чиглэлийн үхэр биш байсан, зарим нь үхрийн хөх хагарсан, сүү муу гардаг, хөгшин үхэр байсан, одоо үлдэгдэл төлбөрийг төлөхгүй, хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргасан.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах худалдан авах гэрээгээр худалдагч биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэгтэй бөгөөд хариуцагч тал худалдан авсан эд хөрөнгө доголдолтой гэдгээ баримтаар нотлоогүй, гэрээнээс татгалзах эрхээ хэрэгжүүлээгүй бол үнийг төлөх үүрэг хүлээнэ.
Иймд шүүхээс хариуцагч гэрээнээс татгалзаагүй, худалдан авсан эд зүйл доголдолтой гэх тайлбараа баримтаар нотлоогүй гэж дүгнэн хариуцагч Б-ээс 3.200.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б-д олгож шийдвэрлэсэн байна.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/125267?daterange=2023-01-01%20-%202023-02-26&id=1&court_cat=1&bb=1
Тоймыг бэлтгэсэн: Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа