ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДЭД ХҮНД ГЭМТЭЛ УЧРУУЛСНЫ УЛМААС ХОХИРОГЧ НАС БАРСАН ХЭРГИЙГ ШИЙДВЭРЛЭВ
2023-10-03 Админ Хандсан тоо: 210 ХуваалцахТоймын төрөл: Шийдвэрийн тойм
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 465 дугаар шийтгэх тогтоол.
Тоймын дугаар, огноо: Хүчин төгөлдөр болсон.
Шийдвэрийн төлөв: №2023/06
Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Агуулга: Иргэн А нь бааранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “хэд хэдэн удаа мөрлөлөө” гэх шалтгаанаар хохирогч Б-гийн нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж газарт толгойн ар хэсгээр нь унагаасны улмаас хохирогч Б-гийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учирч улмаар дээрх гэмтлийн улмаас Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаад гавал тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны цочмог дутагдалд орж нас баржээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгч нараас “хэргийн зүйлчлэл тохироогүй, энэ гэмт хэрэг бол “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг биш “Хүнийг санаатай алах” гэмт хэрэг гэж хэргийн зүйлчлэлийн талаар маргасан.
Хүнийг санаатай алах, хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барах гэмт хэргүүд нь гэмт этгээдийн үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа буюу санаа зорилго, уг санаа зорилгоо хэрэгжүүлсэн үйлдэл, уг үйлдлээс учирсан гэмтлийн улмаас хохирогч үхэлд хүрсэн, эсхүл уг гэмтлээс шалтгаалсан хүндрэл үүсэж нас барсан зэргээр тус тус ялгагддаг.
Өөрөөр хэлбэл хүнийг алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг. Түүнчлэн гэмт хэрэгтэн хохирогч нарын хоорондын харилцааны шинж чанар, түүний агуулга, гэмт хэрэг үйлдэж байх үеийн гэмт этгээдийн зан үйл зэрэг шинжүүд хамаардаг болно.
Шүүхээс шүүгдэгч А нь амь хохирогч Б-г нэг удаа цохисон үйлдэл нь хохирогчийг алах, түүний амь насыг хохироох гэсэн шууд санаа зорилго агуулаагүй буюу хохирогчтой ямар нэгэн өс хонзонгийн болон урьдын хувийн таарамжгүй харилцаа байгаагүй гэж дүгнэсэн.
Иймд шүүхээс шүүгдэгч А-г “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/76313?daterange=2022-01-01%20-%202023-04-27&id=1&court_cat=2&bb=1
Тоймыг бэлтгэсэн: Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.ДАЛАЙХҮҮ