ГАР УТСАА БУСДАД ХЭРЭГЛҮҮЛСНЭЭР ГЭМТ ХЭРГИЙН ХОХИРОГЧ БОЛЖЭЭ
2023-10-03 Админ Хандсан тоо: 204 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм.

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 318 дугаартай шийтгэх тогтоол.

Тоймын дугаар, огноо: №2023/07

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Агуулга: Шүүгдэгч С.Б-т холбогдох хэргийн үйл баримтаас үзвэл иргэн Т.Д нь хөдөө орон нутагт ажлаар явж байхдаа хамт явж байсан найзынхаа “... интернэт рүү орж гар утсаар чинь кино үзэж байгаад өгье” гэсэн гуйлтынх нь дагуу түүнд гар утсаа өгсөн байна.

Улмаар иргэн Т.Д-ын найз нь түүний гар утсаар “+18” гэсэн сайт руу орох явцад “та зөвхөн гар утасныхаа дугаараараа бүртгүүлж энэ сайт руу орно уу” гэсэн мэдээлэл иржээ.

Иргэн Т.Д-ын гар утасны дугаарыг бүртгэлд оруулснаар удалгүй түүний “Ddd-Ttt” гэсэн фейсбүүк хаяг блоклогдож, тэрээр фейсбүүкын чат руу нэвтэрч чадахаа больжээ.

Энэ хугацаанд шүүгдэгч С.Б нь иргэн Т.Д-ын фейсбүүк хаягаар нэвтэрч түүний найзууд буюу танил хүмүүс рүү нь “түр мөнгө зээлээч” гэсэн агуулгатай захидал илгээж, нэр бүхий 3 хүнээс нийт 330.000 төгрөг авч залилжээ.

Шүүгдэгч С.Б-ийн үйлдэл нь кибер орчинд хууль бусаар халдах гэмт хэргийн “... мэдээллийг өөрчилж, ашиглах боломжгүй болгосон” гэсэн шинжийг агуулж байгаа бөгөөд энэ гэмт хэргийн хувьд ямар нэгэн бодит хохирол учирсан байхыг шаарддаггүй.

Харин “Залилах” гэмт хэрэг нь бодит хохирол учирсан байхыг шаардахаас гадна энэ гэмт хэргийн үндсэн шинжид “цахим хэрэгсэл ашиглаж” үйлдсэн бол гэмт хэрэгт тооцогдохоор хуульчилсан.

Иймд шүүгдэгч С.Б-г “кибер орчинд хууль бусаар халдаж, мэдээллийг өөрчилж, ашиглах боломжгүй болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, “цахим хэрэгсэл ашиглаж бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Шүүхээс шүүгдэгч С.Б-т ял оногдуулахдаа “... би ажил хийдэг, мөн ирэх намраас сургуульдаа сурах хүсэлтэй байгаа тул надад торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг нь, түүнчлэн бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсаныг нь харгалзан түүнд торгох ял оногдуулав.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/87976?daterange=2023-01-01%20-%202023-05-22&id=1&court_cat=2&bb=1

Тоймыг бэлтгэсэн: Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.ЖАНЧИВНЯМБУУ