ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ӨМЧЛӨГЧ ХӨРӨНГӨӨ БУСДЫН ХУУЛЬ БУС ЭЗЭМШЛЭЭС ШААРДАХ ЭРХТЭЙ
2023-11-13 Админ Хандсан тоо: 270 ХуваалцахТоймын төрөл: Шийдвэрийн тойм
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Нийслэлийн Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, 2013-03-14 104/ШШ2023/00122
Тоймын дугаар, огноо: №3, 2023-03-16
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй
Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Агуулга: Нэхэмжлэгч Л өөрийн өмчлөлийн орон сууцыг хариуцагч Б-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч тал тухайн орон сууцын Зэвсэгт хүчний ангийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, албаны орон сууц бөгөөд Зэвсэгт хүчний ангитай байгуулсан гэрээний үндсэн дээр эзэмшиж байгаа тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж маргасан.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй”, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.-д “Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх бөгөөд улсын бүртгэгч өөрийн хийсэн бүртгэл бүрийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд оруулж, хууль, холбогдох журамд заасны дагуу баталгаажуулна” гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгч Л маргаан бүхий орон сууцын өмчлөгч болох нь, өмчлөх эрхээ хуульд заасан журмын дагуу бүртгүүлсэн бөгөөд тухайн өмчлөх эрхийн бүртгэлтэй холбоотой маргаан үүсээгүй, өмчлөх эрхийн бүртгэл үнэн зөв болох нь Улсын бүртгэлийн байгууллагаас олгосон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа болон хэрэгт авагдсан бусад баримт, талуудын тайлбараар тогтоогдсон.
Мөн хариуцагч тал өөрийн татгалзлыг нотолсон баримтыг хэрэгт ирүүлээгүй.
Иймд өмчлөгчийн эрхийг хамгаалж маргаан бүхий орон сууцыг хариуцагч Б-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.
Тоймыг бэлтгэсэн: Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваа