ХОХИРОГЧИЙН МАРГААН ҮҮСГЭСЭН ШАЛТГААНААР НҮҮР ЛҮҮ ӨШИГЛӨЖ ШҮДИЙГ БУЛГАРЧ ГЭМТЭЭСЭН ЭТГЭЭДЭД ЯЛ ОНОГДУУЛАВ
2023-04-26 Админ Хандсан тоо: 169 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, 2023.04.05 2023/ШЦТ/49

Тоймын дугаар, огноо: №6, 2023.04.26

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Яллагдагч Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 01 дүгээр сарын 26-ны шөнө иргэн Б-г  "Би атаман байна, та нар яах юм" гэж хэлсэн шалтгаанаар маргалдаж улмаар хавирч унагаан нүүрэн тус газарт гутлаараа өшиглөж, хэвлий болон гарын сарвуунд зулгаралт, дөрвөн шүдний булгарал, 2 шүдний ганхалт зэрэг хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Эрүүгийн хуулийн Тусгай ангид зааснаар бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан тохиолдолд  гэмт хэрэгт тооцохоор заасан.

Шүүх иргэн Г-г хохирогчийн өдсөн маргааны улмаас түүний биед хүндэвтэр хохирлыг санаатай учруулсан гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тооцон 450-5400 нэгжээр торгох, 240-720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрх хязгаарлах  ялуудаас  иргэн Г-ийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн, хохирогчийн зүй бус харьцаанаас үүдэлтэй гэмт хэрэг үйлдсэн зэрэг байдлыг харгалзан 800 нэгж буюу 800,000 төгрөгөөр торгох ялыг сонгон оногдуулж шийдвэрлэв.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/87088?daterange=2023-01-01%20-%202023-04-18&id=1&court_cat=2&bb=1

Тоймыг бэлтгэсэн: Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны Шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд