ЗЭЭЛЭЭР АВСАН МАШИНАА ХЭН НЬ АВАХ ВЭ
2023-10-03 Админ Хандсан тоо: 137 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: 101/ШШ2022/02655

Тоймын дугаар, огноо: 2022 оны 06 сарын 08 өдөр

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Агуулга: Б, Х нар нь хамтран амьдарч байх хугацаандаа Х-гийн нэр дээр зээлийн гэрээг байгуулан, лизингээр машин худалдан авч, зээлээ хамтран төлж байсан боловч тэд салжээ. Салсны дараа Б машинаа унаж, зээлийн төлбөрөө төлж байтал Х машиныг нь нууцаар ачуулан авч яваад, зээлийн төлбөрийн үлдэгдэл 8,535,064 төгрөг төлж, машины гэрчилгээг өөрийнхөө нэр дээр авчээ.

Б шүүхэд хандаж, Х-оос машины зээлийн төлбөрт төлсөн 10,880,452 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэхэд, Х 2 жил машиныг унаж хэрэглэсэн тул зээлийн хүү, элэгдэл хорогдлыг төлөх ёстой гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар, Банк бус санхүүгийн байгууллага Х нарын хооронд автомашин худалдан авах зээлийн гэрээ, фидуцийн гэрээ байгуулагдсан, худалдан авснаас хойш Б 2 жил машиныг эзэмшиж байсан, зээлийн төлбөрт Б 10,880,452 төгрөгийг, Х 11,951,064 төгрөгийг тус тус төлсөн болох нь тогтоогдсон байна.

Шүүх машиныг зээлийн хөрөнгөөр авсан тул гэрээний дагуу Х зээлийн үлдэгдэл төлбөрийг төлж, машиныг өөрийн өмчлөлдөө авах эрхтэй, Хонгороо өөрийн эзэмшилдээ машинаа нэгэнт авсан тул Б-гийн төлсөн 10,880,452 төгрөгийг Х буцаан төлөх үүрэгтэй гэж үзэж, Х-гоос 10,880,452 төгрөгийг гаргуулж, Б-д олгож шийдвэрлэв.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/120289?daterange=2022-01-01%20-%202022-08-04&id=1&court_cat=1&bb=1

Тоймыг бэлтгэсэн: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Цэрэндулам.