ОРОН СУУЦ ӨМЧЛӨГЧ НЬ ХУУЛЬД ЗААСНЫ ДАГУУ ТОГТООСОН ТӨЛБӨРИЙГ СӨХ-НД ТӨЛӨХ ҮҮРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭВ
2023-10-03 Админ Хандсан тоо: 141 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: 2022.04.27 101/ШШ2022/01953

Тоймын дугаар, огноо: Хүчин төгөлдөр

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Агуулга: Иргэн Моломын өмчлөлийн байр нь “Т” СӨХ-нд харьяалагддаг, тэрээр 25 сарын хугацааны СӨХ-ны төлбөрийг төлөөгүй байна.

“Т” СӨХ нь шүүхэд хандаж, сууц өмчлөгчдийн холбооны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээ, ашиглалттай холбогдох зардалд 800,000 төгрөгийг сууц өмчлөгч Моломоос гаргуулахаар нэхэмжилсэн.

Хариуцагч Молом нь нэхэмжилсэн төлбөрийг төлөхгүй гэж маргахгүй ба харин “Т” СӨХ-ны үйл ажиллагаанаас болж хохирол амссан тул түүний нэхэмжилсэн төлбөрөөс хасуулах хүсэлтэй гэх агуулгатай тайлбар гаргажээ.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд зааснаар сууц өмчлөгчдийн бүх гишүүдийн хурлаар СӨХ-ны төлбөрийн хэмжээг тогтоохоор заасны дагуу “Т” СӨХ-ны бүх гишүүдийн ээлжит хурлын тогтоолоор орон сууц өмчлөгчдөөс авах төлбөрийн хэмжээг хэлэлцэж тогтоосон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдов.

Энэ тохиолдолд, орон сууц өмчлөгч нь ийнхүү тогтоосон төлбөр /ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал/-ыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй гэж үзнэ.

Иргэний хэргийн анхан шатны шүүхээс “Т” СӨХ-ны нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн, харин хариуцагч Моломоос СӨХ-ны үйл ажиллагаанаас шалтгаалж хохирол учирсан гэх боловч үүнийгээ шүүхэд нотлоогүй тул төлбөрийн хэмжээнээс хасуулах үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/119796?daterange=2022-01-01%20-%202022-09-25&id=1&court_cat=1&bb=1

Тоймыг бэлтгэсэн: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Цэрэндулам