ХУУРАМЧ АРХИВЫН ЛАВЛАГААНЫ УЛМААС УЧИРСАН ХОХИРЛЫГ АРХИВЫН БАЙГУУЛЛАГААС ГАРГУУЛАХААР ШИЙДВЭРЛЭВ
2023-11-13 Админ Хандсан тоо: 199 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар:  2022.02.22 101/ШШ2022/00783

Тоймын дугаар, огноо: 2022.10.31 Шийдвэр-хураангуй-06 

Шийдвэрийн төлөв:  Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Агуулга: Нийгмийн даатгалын байгууллагаас “… нийгмийн даатгалын санд учирсан хохирол 8,820,900 төгрөгийг Архивын байгууллагаас гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “… архивын байгууллагын албан тушаалтан архивын лавлагааг хуурамчаар үйлдсэний улмаас нийгмийн даатгалын санд хохирол учирсан тул хохирлыг архивын байгууллагаас нэхэмжилнэ” гэжээ. 

Архивын байгууллага нь “… хуурамч баримт бүрдүүлэн тэтгэврийн мөнгийг хувьдаа ашигласан иргэн Ганаа уг төлбөрийг хариуцан төлөх ёстой, тухайн архивын лавлагааг гаргасан албан тушаалтан нь одоо манай байгууллагад ажиллахгүй байгаа, … нийгмийн даатгалын байгууллага тэтгэвэр тогтоохдоо баримтыг дутуу шалгасан тул хохирол төлбөрийг манайх хариуцах үндэслэлгүй” гэх зэргээр маргав.

Шүүхэд хэлэлцэгдсэн хэргийн баримтаар, иргэн Ганаа цэргийн алба хаасан тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгохдоо архивын байгууллагын албан тушаалтнаас архивын лавлагааг хуурамчаар гаргуулан авч, үүнийгээ үндэслэн тэтгэвэр тогтоолгож нийгмийн даатгалын сангаас 8,820,900 төгрөгийн тэтгэвэр авсан, архивын байгууллагад ажиллаж байсан Цолмон нь албан үүрэгтээ хайнга хандаж, үүрэгт ажлаа зохих ёсоор биелүүлээгүй нэр бүхий 9 иргэнд хуурамч архивын лавлагаа гарган өгч хууль бусаар тэтгэвэр тогтоолгох эрх үүсгэн, улсад нийт 99,628,180 төгрөгийн хохирол учруулсан эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан хэргийг хэрэгсэхгүй болгосон үйл баримтууд тогтоогдсон байна.

Маргаж байгаа талууд дээрх нэгэнт тогтоогдсон үйл баримтын талаар маргаагүй ба харин нийгмийн даатгалын санд учирсан хохирол 8,820,900 төгрөгийг Архивын байгууллага хариуцах эсэх талаар маргажээ.

Шүүх төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруугийн улмаас бусдад хохирол учруулсан бол уг хохирлыг төр хариуцан арилгана гэсэн хуулийн зохицуулалтын дагуу архивын байгууллагын эрх бүхий албан тушаалтны гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирлыг түүний ажиллаж байсан байгууллага эхэлж хариуцах ба дараа нь тухайн байгууллага буруутай албан тушаалтнаас хохирлоо шаардах эрхтэй гэж үзэж, нийгмийн даатгалын санд учирсан хохирлыг Архивын байгууллагаас гаргуулахаар шийдвэрлэв.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/111208?daterange=2022-01-01%20-%202022-10-28&id=1&court_cat=1&bb=1 

Тоймыг бэлтгэсэн: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Цэрэндулам