ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ ЗӨРЧИЖ, ОСОЛД ӨРТСӨН ЭТГЭЭДИЙН ХОХИРОЛ ГАРГУУЛАХ ШААРДЛАГЫГ ХАНГАХГҮЙ ОРХИВ
2023-11-13 Админ Хандсан тоо: 150 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: 2019.11.05 101/ШШ2019/03034

Тоймын дугаар, огноо: 2022.11.21. Шийдвэр-хураангуй -07

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Агуулга: Иргэн Болдоос “… автомашинд мөргүүлж, биед гэмтэл учирсан эрүүл мэндийн үйлчилгээ, оношилгоонд гарсан зардал, хохирол  … төгрөгийг жолооч Батаас гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж шүүхэд ханджээ.

Хэрэгт авагдсан баримтаар, иргэн Болд нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт согтуурсан үедээ, авто замын гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч яваад автомашинд мөргүүлсэн, ослын улмаас Болдын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан, түүнийг мөргөсөн автомашины жолооч Бат нь тухайн үед замын хөдөлгөөнд оролцохдоо зөвшөөрөгдсөн хурдны хэмжээний дотор явж байсан ба гэрэлтүүлэггүй зам дээр гэнэт хүн гарч ирсэн, уг ослын дараа яаралтай түргэн тусламж, цагдаа дуудсан мөн Батын автомашины урд салхины шил хагарсан зэрэг үйл баримтууд тогтоогджээ.

Түүнчлэн, жолооч Бат нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар “явган зорчигч нь явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах”-ыг хориглосон, энэ тохиолдолд явган зорчигч Болд нь авто замын гарц, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарч, дээрх дүрмийн заалтыг зөрчсөнөөс тухайн осол гарсан гэж үзэх үндэслэлтэй тул уг осол нь гэмт хэргийн шинжгүй гэж Тээврийн прокурорын газраас дүгнэж, уг осолд холбогдуулан хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзсан байна.

Шүүхээс, хэрэгт авагдсан нотлох баримтууд, дээрх нөхцөл байдлуудыг дүгнэж, хариуцагч Бат замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй нь тогтоогдсон, нэхэмжлэгч Болдод гэм хорын хохирол учруулсан гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж Болдын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/117791?daterange=2019-11-05%20-%202019-11-05&id=1&court_cat=1&bb=1

Тоймыг бэлтгэсэн: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа