ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ХАРИУЦАГЧ ТАТГАЛЗЛАА НОТЛОХ ҮҮРГЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭЭГҮЙ ТУЛ ЗЭЭЛИЙН ТӨЛБӨРИЙГ ХАРИУЦАХААР БОЛОВ
2023-11-13 Админ Хандсан тоо: 142 ХуваалцахТоймын төрөл: Шийдвэрийн тойм
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: 2022.08.02 101/ШШ2022/03381
Тоймын дугаар, огноо: 2022.11.22. Шийдвэр-хураангуй-08
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Агуулга: Нэхэмжлэгч Молом нь иргэн Дуламд холбогдуулан “зээлийн гэрээний үүрэгт 3,000,000 төгрөг гаргуулах”-аар иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан, хариуцагч Дулам нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “ … авсан мөнгөө буцаан төлсөн, … уг мөнгө нь Молом, Болор нарын хооронд өгсөн авсан асуудал бөгөөд шүүхийн шийдвэрээр эцэслэн шийдвэрлэгдсэн тул дахин энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах, энэ мөнгийг надаас нэхэх үндэслэлгүй” гэж маргажээ.
Иргэн Моломоос гаргасан “зээлийн гэрээний үүрэгт 6,000,000 төгрөгийг иргэн Болороос гаргуулах” нэхэмжлэлтэй иргэний хэрэг өмнө нь шийдвэрлэгдэж, шүүх Болороос 3,000,000 төгрөгийг гаргуулж Моломд олгож, үлдэх 3,000,000 төгрөгийг жич нэхэмжлэх эрхтэйг заасан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.
Молом, Болор нарын хоорондох дээрх зээлийн маргааныг шүүх шийдвэрлэх явцад гэрчээр оролцсон Дулам нь “… Молом нь машин дотор Болор бид хоёрт тус тус 3,000,000 төгрөгийг өгсөн. 6,000,000 төгрөгийн зээлийн гэрээг Болорын нэр дээр хийсэн” гэж мэдүүлсэн ба Дулам нь “....машин дотор 3,000,000 төгрөгийг би хүлээн авсан” гэж зөвшөөрсөн, үүнийг нэхэмжлэгч Моломоос үндэслэл болгож, Дуламаас “зээлийн гэрээний үүрэгт 3,000,000 төгрөг гаргуулах”-аар нэхэмжлэл гаргажээ.
Шүүх Моломын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Дуламаас 3,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Моломд олгож шийдвэрлэв.
Учир нь, хариуцагч Дулам нь Моломоос 3,000,000 төгрөг зээлж авсантайгаа маргаагүй, “… мөнгийг Болорт буцаан төлсөн” гэх боловч тухайн зээлийг буцаан төлсөн талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, нотлоогүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийн оролцогч нь тайлбар, татгалзлын үндэслэлээ өөрөө нотлохоор заасан, уг эрхээ хэрэгжүүлж шүүхэд нотлох баримтаа гаргаж нотлоогүй тул Моломоос Болорын нэр дээр гэрээ байгуулж зээлсэн 6,000,000 төгрөгөөс 3,000,000 төгрөгийг Дулам авсан, Молом, Дулам нарын хороонд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэж, зээлийн гэрээний үүргийг хангуулахаар шийдвэрлэв.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/121166?daterange=2022-01-01%20-%202022-11-21&id=1&court_cat=1&bb=1
Тоймыг бэлтгэсэн: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг