ГУРАВДАГЧ ЭТГЭЭД НЬ ХАРИУЦАГЧ ТАТАХ ЭРХГҮЙ
2023-10-03 Админ Хандсан тоо: 124 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: 2019.05.06, 101/ШЗ2019/07261

Тоймын дугаар, огноо:  2022.12.05 Шийдвэр-хураангуй-09

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Агуулга: Иргэн Од, Наран нарын хооронд үүссэн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахтай холбоотой маргааныг иргэний хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх явцад уг хэргийн гуравдагч этгээд “Т” ХХК-иас “… зээлээр олгосон мөнгөн хөрөнгөөр худалдан авсан тоног төхөөрөмжийн үнийг нэхэмжлэгч Одоос гаргуулах” бие даасан шаардлага гаргаж, уг шаардлагынхаа хүрээнд “С” ХХК-ийг хамтран хариуцагчаар татан оролцуулах хүсэлт гаргасан байна.

Шүүх уг хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

Хүсэлт гаргагч “Т” ХХК-иас “… гуравдагч этгээд бие даасан шаардлага гаргасан тохиолдолд нэхэмжлэгчийн адил эрх эдлэх ёстой. Иймд хариуцагч татах эрхтэй” гэж маргасныг шүүх үндэслэлгүй гэж үзэв.

Хуульд зааснаар, нэхэмжлэлийн шаардлагыг шүүх шийдвэрлэснээр нэхэмжлэгч, хариуцагчаас өөр хэн нэгэн этгээдийн эрх, ашиг сонирхол хөндөгдөхөөр байвал тухайн этгээдийг уг хэрэгт гуравдагч этгээдээр оролцуулж болно. Гуравдагч этгээд нь маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргах эрхтэй байдаг.

Энэ тохиолдолд, гуравдагч этгээд “Т” ХХК нь “зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах” маргааны зүйлтэй холбогдолгүй асуудлаар буюу “тоног төхөөрөмжийн үнэ гаргуулах” асуудлаар бие даасан шаардлага гаргаж, уг маргаанд холбогдуулан хариуцагчаар өөр этгээдийг татан оролцуулахаар шаардаж байна.

Иймд, шүүх гуравдагч этгээдийн гаргасан бие даасан шаардлага болон хамтран хариуцагч татах тухай хүсэлт нь хуульд нийцэхгүй гэж хүлээн авахаас татгалзаж, өөр этгээдтэй холбоотой, өөр маргааны хувьд нэхэмжлэлээ тусдаа гаргах эрх нь “Т” ХХК-нд нээлттэй болохыг дурдав.         

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоосМонгол Улсын Шүүхийн шийдвэрийн цахим сан (shuukh.mn)

Тоймыг бэлтгэсэн: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд