ХҮҮХДИЙГ АСРАН ХАМГААЛАХ ҮҮРГИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРМЫГ ШҮҮХ ТОГТООВ
2023-10-03 Админ Хандсан тоо: 167 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: 2022.07.27 101ШШ2022/03343

Тоймын дугаар, огноо: 2022.12.15. Шийдвэр-хураангуй-10

Шийдвэрийн төлөв:  Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Агуулга: Иргэн Гэрэлээс иргэн Тулгад холбогдуулан “хүүхдийн тэтгэлэг” гаргуулах нэхэмжлэл гаргасныг Тулга эс зөвшөөрч, “охин Энэрэлийн одоо байгаа асрамжийг өөрчлүүлэх”-ээр сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар, иргэн Гэрэл, Тулга нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй хамтран амьдарч байх хугацаанд 2014 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр охин Энэрэл төрсөн бөгөөд тэд зан харилцааны таарамжгүй харилцааны улмаас 2017 оноос хойш тусдаа амьдарч байгаа, охин Энэрэл нь эхийн асрамжид амьдарч байгаа нөхцөл тогтоогджээ.

Шүүх маргааныг хэлэлцээд, охин Энэрэлийн эхийн асрамжид байгаа нөхцөлийг өөрчлөх үндэслэл тогтоогдоогүй гэж үзэж, Тулгын гаргасан сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгож, охин Энэрэлийг 18 нас хүртэл нь сар бүр хуульд зааснаар тэжээн тэтгэхийг иргэн Тулгад даалгасан байна.

Иргэн Гэрэл, Тулга нар охин Энэрэлийн асрамжийг шийдвэрлүүлэхдээ хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, эрүүл чийрэг өсгөн бойжуулах болон хуулиар хүлээсэн бусад үүргээ хэрхэн хэрэгжүүлэх талаар харилцан тохиролцоогүй учир Гэр бүлийн тухай хуульд зааснаар шүүх эцэг Тулгын хувьд дараах байдлаар охин Энэрэлийг асран хамгаалах үүргийг хэрэгжүүлэх журмыг тогтоов.

Сар бүр даваагаас бямба гараг хүртэл нэг удаа, сар бүр бямбаас ням гарагт хоёр удаа охин Энэрэлийг иргэн Тулга асрамждаа авч түүний сурч боловсрох, амралт чөлөөт цагийг ая тухтай өнгөрүүлэх, эрүүл мэндэд анхаарч, амарч сувилуулах буюу эрүүл чийрэг өсгөн бойжуулах үүргийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэв.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: Монгол Улсын Шүүхийн шийдвэрийн цахим сан (shuukh.mn)

Тоймыг бэлтгэсэн:  Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал