ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ХӨЛСЛӨГЧ ДАВУУ ЭРХ ЭДЛЭХГҮЙ
2023-11-13 Админ Хандсан тоо: 207 ХуваалцахТоймын төрөл: Шийдвэрийн тойм
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: 2022.04.19 №101ШШ2022/01781
Тоймын дугаар, огноо: 2022.12.15. Шийдвэр-хураангуй-11
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Агуулга: “А” ХХК-иас Төрийн өмчийн байгууллага болон “И” ХХК-д холбогдуулан, түрээсийн гэрээг давуу эрхийн хүрээнд “И” ХХК-ийн үйл ажиллагаа явуулж байгаа объектод түрээсийн гэрээ байгуулахыг хариуцагч нарт даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ төрийн өмчийн байгууллагын “А” ХХК-д түрээсэлж байсан объектын нэршил өөрчлөгдөж, тухайн нэршлийг “И” ХХК-ийн үйл ажиллагаа явуулж байгаа объектыг нэрлэх болсонтой холбоотойгоор өмнөх нөхцөлөөр гэрээ байгуулах гэж тодорхойлжээ.
Хариуцагч төрийн өмчийн байгууллага нь “А” ХХК-тай байгуулсан гэрээний хугацаа дуусаагүй, хугацааг дахин сунгаж талбайг түрээслэн үйл ажиллагаа явуулсан хэвээр байгаа тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж, “И” ХХК нь “А” ХХК-тай ямар нэг гэрээ байгуулаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж тус тус маргасан.
“А” ХХК нь төрийн өмчийн байгууллагатай 2008 оноос эхлэн гэрээ байгуулж, кофе шопын үйл ажиллагаа эрхлэх зорилгоор талбай түрээсэлсэн ба жил бүр гэрээний хугацааг сунган одоог хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа, түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрээгээ дахин сунгасан талаарх баримтыг нотлох баримтаар ирүүлсэн байна.
Шүүх “А” ХХК-ийн төрийн байгууллагатай байгуулсан түрээсийн гэрээ нь хүчин төгөлдөр, хугацаа дуусаагүй, талууд үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа үед “А” ХХК-д шаардах эрх үүсэхгүй, мөн гэрээний оролцогч бус “И” ХХК-иас төрийн байгууллагатай байгуулсан өмнөх гэрээний нөхөцлөөр гэрээ байгуулахыг даалгахаар шаардах эрхгүй гэж үзэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/119684?daterange=2022-01-01%20-%202022-12-30&id=1&court_cat=1&bb=1
Тоймыг бэлтгэсэн: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал