ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ТҮРЭЭСИЙН ГЭРЭЭГ УЛСЫН БҮРТГЭЛД БҮРТГҮҮЛЭЭГҮЙ НЬ ГЭРЭЭГ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БУСД ТООЦОХ ҮНДЭСЛЭЛ БОЛЖЭЭ
2023-11-13 Админ Хандсан тоо: 262 ХуваалцахТоймын төрөл: Шийдвэрийн тойм
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, 2020.07.23, 101/ШШ2020/02633
Тоймын дугаар, огноо: № 12, 2023.01.12
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Агуулга: Нийслэлийн нэгэн худалдааны төвд үйлчилгээний талбайг худалдаа эрхлэх зориулалтаар түрээслэхээр иргэн “Б”, “У” нар түрээсийн гэрээ байгуулсан байна.
Гэвч түрээслэгч ”Б” нь түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, гэрээний төлбөрт төлсөн түрээсийн төлбөр, барьцаа хөрөнгийг бүхэлд нь буцаан гаргуулах шаардлагыг түрээслүүлэгч “У”-д холбогдуулан анхан шатны иргэний хэргийн шүүхэд гаргажээ.
Түрээслүүлэгч “У” нь гэрээг бичгээр, хугацаатай байгуулсан, гэрээг хугацаанаас өмнө цуцлах бол 1 сарын өмнө мэдэгдэх, ийнхүү хугацаанаас өмнө цуцалсан тохиолдолд үлдэгдэл төлбөрийг буцааж олгохоор тохиролцсон, гэрээг талуудын хэн ч бүртгүүлэх эрхтэй, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн гэж маргасан.
Хэрэгт авагдсан баримтаар, талууд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхээр тохиролцсон боловч ийнхүү бүртгүүлээгүй байж байгаад шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хугацаанд түрээслүүлэгч “У” нь улсын бүртгэлд гэрээг бүртгүүлжээ.
Шүүх үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх ба энэ шаардлагыг хангаагүй бол гэрээ хүчин төгөлдөр бус гэсэн хуулийн зохицуулалтын дагуу түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, талуудын өгсөн авсан зүйлийг харилцан буцааж шийдвэрлэсэн байна.
Ийнхүү шийдвэрлэхдээ, талуудын хооронд маргаан үүссэний эцэст хожим уг гэрээг улсын бүртгэлд бүртгүүлснийг хуульд заасан шаардлага хангасан гэж үзээгүй, мөн түрээслүүлэгч “У”-аас түрээсийн төлбөр, барьцаа хөрөнгийг бүхэлд нь бус харин түрээсийн зүйлийг эзэмшил, ашиглалтад байлгасан хугацааны төлбөрийг хасаж тооцон түрээслэгч “Б”-д олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/124675?daterange=2020-01-01%20-%202023-01-11&id=1&court_cat=1&bb=1
Тоймыг бэлтгэсэн: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл