ИРГЭНИЙ ӨМЧЛӨХ ЭРХИЙГ ЗӨРЧИЖ БАЙРШУУЛСАН ХОГИЙН ЦЭГИЙГ НҮҮЛГЭХЭЭР БОЛОВ
2023-10-03 Админ Хандсан тоо: 165 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: 2022.12.05 101/2022ШШ/05090

Тоймын дугаар, огноо: №15 2023.02.17

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй

Санамж: Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Агуулга: Нэхэмжлэгч А хариуцагч Б СӨХ-нд холбогдуулан “хогийн цэгийг үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөд тулгаж барьсан үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгох, нүүлгэн шилжүүлэхийг даалгах” тухай нэхэмжлэл гаргаж,

Хариуцагч Б СӨХ “өөр газар хогийн цэг байгуулах нийтийн эзэмшлийн газар байхгүй, 256 айлын эрх ашиг хөндөгдөнө, зориулалт бусаар хаалга нээсэн, нэхэмжлэгч СӨХ-той гэрээ байгуулж мөнгө төлдөггүй” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй маргажээ.

Хэргийн үйл баримтаар, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч иргэн А болох, Б СӨХ хуулийн дагуу байгуулагдсан, оршин суугчдад зориулсан хогийн цэгийг нэхэмжлэгч А-гийн өмчилж байгаа үл хөдлөх эд хөрөнгөд тулгаж барьж, одоог хүртэл ашиглаж байгаа болох нь тогтоогдсон.

Иргэн А 2020 онд үл хөдлөх эд хөрөнгийг бусдаас худалдан авч, 2022.08 сард Б СӨХ-ны гүйцэтгэх захиралд хандан хогийн цэгийг нүүлгэн шилжүүлэх талаарх хүсэлтээ өгсөн боловч албан бичгээр уг хүсэлтийг зөвшөөрөхгүй, татгалзсан хариуг өгсөн байна.

Хуульд зааснаар сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал холбооны нэрийн өмнөөс орон сууцны байшингийн нутаг дэвсгэр болон орчны газрыг ашиглах тухай хүсэлтийг зохих шатны Засаг даргад гаргах, газар ашиглах гэрээ байгуулах эрх, үүрэгтэй байна.

Сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал хуульд заасны дагуу нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн харьяа хороо, дүүргийн Засаг даргад хандан хогийн цэгээр ашиглах газар ашиглахаар хүсэлтээ гарган шийдвэрлүүлэх эрх үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 3-т “өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно” гэж заасан байх тул хариуцагч талын ... 256 айлын эрх ашиг хөндөгдөнө... гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй.

Нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгөд хогийн цэгийг тулгаж барьсан хариуцагчийн үйлдэл нь эд хөрөнгийн эрүүл ахуй, өнгө үзэмж, аюулгүй байдалд нийцээгүй, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчийн өмчлөх, эзэмших эрхийг зөрчсөн үйлдэл юм. 

Иймээс нэхэмжлэгч А-гийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөд Б СӨХ хогийн цэгийг тулгаж барихдаа өмчлөгчийн зөвшөөрөлтэй барьсан болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул уг хогийн цэгийг хууль бусаар барьсан гэж үзэж, Б СӨХ-ны барьсан хогийн цэгийг нэхэмжлэгч А-гийн өмчлөлийн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөд тулгаж барьсан үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, нүүлгэн шилжүүлэхийг хариуцагч Б СӨХ-нд даалгахаар шийдвэрлэв.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/125311?daterange=2022-12-01%20-%202022-12-09&id=1&court_cat=1&bb=1

Тоймыг бэлтгэсэн: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэцэг