ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ШҮҮХИЙН ШИЙДВЭРЭЭР ТОГТООСОН ТЭТГЭЛГИЙГ ХУГАЦААНД НЬ ТӨЛӨӨГҮЙ ТУЛ АЛДАНГИ ТООЦОЖ, НӨХӨН ТӨЛҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭВ
2023-11-13 Админ Хандсан тоо: 173 ХуваалцахТоймын төрөл: Шийдвэрийн тойм
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: 2023.01.03, 101/ШШ2023/00149
Тоймын дугаар, огноо: №16 2023.03.27
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Агуулга: Иргэн Д нь иргэн Б-д холбогдуулан “шүүхийн шийдвэрээр тогтоосон хүүхдийн тэтгэлгийг нөхөн гаргуулж, тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй үндэслэлээр алданги тооцуулах” шаардлага гаргасан ба Б.Ө эс зөвшөөрч “хүүхдийн тэтгэлгийг зохих ёсоор төлж, үүргээ биелүүлж байгаа” гэх тайлбарыг гарган маргасан.
Шүүхэд хэлэлцэгдсэн хэргийн баримтаар Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн шийдвэрээр Б-с хүүхдийн тэтгэлэг гаргуулж охин Д-г сар бүр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэртэй. Б нь шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй бөгөөд шүүхийн шийдвэрээр хүүхдийн тэтгэлэг тогтоосон хугацаа болох 2007 оны 4 дүгээр сараас 2022 оны 6 дугаар сарыг хүртэлх хугацаанд нийт 23,667,200 төгрөгийг төлөх үүргийг хүлээснээс 6,319,350 төгрөгийг төлж, тэтгэлгийг бүрэн төлж барагдуулаагүй үйл баримт тогтоогдсон.
Гэр бүлийн тухай хуульд зааснаар тэтгэлэг төлөгч тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн бол тэтгэлгийг нөхөн төлүүлэхээр тэжээн тэтгүүлэгч нэхэмжлэл гарган шаардах эрхтэй бөгөөд шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр зохицуулсан.
Шүүх маргааныг хэлэлцээд төлөгдөөгүй тэтгэлгийг, алдангийн хамт нөхөн гаргуулахаар шийдвэрлэв.
Жич: Гэр бүлийн холбогдолтой маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг шүүхийн шийдвэрийн цахим санд байршуулахгүй байх журамтай тул энэ шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх боломжгүй болно.
Тоймыг бэлтгэсэн: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор