ХУУЛЬ БОЛОН ГЭРЭЭГ ЗӨРЧИЖ ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖЖЭЭ
2023-11-13 Админ Хандсан тоо: 158 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, 2022.04.22, 101/ШШ2022/01888

Тоймын дугаар, огноо: №17, 2023.03.29

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Агуулга: Нэхэмжлэгч А, Б нар хариуцагч О ХХК-д холбогдуулан зуучлалын хөлснөөс илүү авсан 169,881,837 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч тал “нэмэгдсэн өртгийн албан татварт төлнө, компани өрөнд орох нөхцөл үүссэн” гэх үндэслэл зааж нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй маргасан.

Баянзүрх дүүргийн 1-р хороо, 2-р хороолол 3-р байрыг А, Б нар өмчилдөг, зуучлагч О ХХК уг 3-р байрыг 150 хүүхдийн цэцэрлэгийн зориулалтаар Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт 2,490,000,000 төгрөгөөр нийлүүлэх, зуучлуулагч А, Б нар цэцэрлэгийн зориулалтаар тохижуулж, зуучилсны хөлс төлөхөөр тохиролцсон болох нь хэргийн үйл баримтаар тогтоогдсон.

Зуучлуулагч тал болох А, Б нар байрыг хүүхдийн цэцэрлэгийн зориулалтаар бэлтгэн, зуучлагч О ХХК-ийн хамт улсын комисст хүлээлгэн өгсөн,  О ХХК улсаас 2,122,500,000 төгрөгийг авсан, үүнээс нэхэмжлэгч А, Б нарын дансанд 1,853,018,163 төгрөгийг шилжүүлэн өгсөн болох нь тогтоогдсон.

Хариуцагч ...татварын өрөнд орж байна, компанийн нэр хүнд унасан... гэж тайлбарлаж байх ба зуучлагч О ХХК худалдах, худалдан авах гэрээнээс татгалзах эрхгүй байна.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.6.4-т үл хөдлөх эд хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого, 20 дугаар зүйлийн 20.2.2-т энэ хуулийн 18.6.4-т заасан албан татвар ногдуулах орлогод 2 хувиар гэж заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийг О ХХК өмчилж байгаа тохиолдолд 2 хувийн татвар төлөхөөр байна.

Иргэн А, Б нар өөрсдийн өмчлөлийн эд хөрөнгөө Нийслэлийн өмчийн харилцааны газар худалдсан болох нь тогтоогдсон тул О ХХК-ийг үл хөдлөх эд хөрөнгө худалдсан гэж үзэхгүй, О ХХК зуучлалын гэрээний төлбөрийг өөрийн дансаар дамжуулан шилжүүлж 99,600,000 төгрөгийн орлого олсон болох нь тогтоогдсон тул уг орлогоо аж ахуйн нэгж байгууллагын хувьд үүргээ биелүүлэх замаар татварт тайлагнаж, татвар төлөх хуулийн зохицуулалттай байна.

Зуучлалын гэрээгээр үнийн дүнгийн 4 хувь болох 99,600,000 төгрөгийг О ХХК зуучлалын хөлсөнд авах эрхтэй, уг мөнгөө авсан болох нь тогтоогдсон.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлд Хувь хүн, хуулийн этгээдийн Монгол Улсад импортоор оруулсан, эсхүл Монгол Улсаас экспортод гаргасан болон Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулахад энэ хууль үйлчилнэ гэж заажээ.

Хуулийн зорилгоос харвал, А, Б нарын үл хөдлөх эд хөрөнгөө борлуулснаас төлөх татварын харилцаа нь нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд хамаарахгүй, А, Б нар нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгч биш, гэрээгээр нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх үүрэг хүлээгээгүй, нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нийцэхгүй байна.

Иргэн А, Б нарын О ХХК-тай байгуулагдсан гэрээний санхүүжилт улсаас бүрэн ороогүй байгаа хэдий ч эрх нь зөрчигдсөн гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд О ХХК-ийн дансанд 2,122,500,000 төгрөг шилжин орсноос нэхэмжлэгч нарт өгсөн 1,853,018,163 төгрөгийг, зуучлалын хөлсөнд авах 99,600,000 төгрөгийг хасвал үлдэх 169,881,837 төгрөгийг хариуцагч О ХХК төлөөгүй, энэ хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/125817?daterange=2022-01-01%20-%202023-03-28&id=1&court_cat=1&bb=1

Тоймыг бэлтгэсэн: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэцэг