ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ХҮҮХЭД ҮРЧИЛСНИЙГ ХҮЧИНГҮЙД ТООЦУУЛАХ ҮНДЭСЛЭЛГҮЙ ГЭЖ ҮЗЭВ
2023-11-13 Админ Хандсан тоо: 213 ХуваалцахТоймын төрөл: Шийдвэрийн тойм
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: 2022.04.19 №101/ШШ2022/01775
Тоймын дугаар, огноо: №18, 2023.03.29
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр
Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой юм.
Агуулга: Иргэн Орших нь албан ажлын шугамаар гадаад улсад гэр бүлийн гишүүдийн хамт амьдрахаар явах болсон бөгөөд ингэхдээ өөрийн төрсөн дүүгийн хүүхэд Аялгууг гадаад улсад үнэ төлбөргүй сургуульд суралцуулах зорилгоор өөрсдийн нэр дээр үрчилж авсан байна.
Энэ хугацаанд охин Аялгуугийн төрсөн ээж нь хоёр ихэр хүүхэд төрүүлсэн ба алдарт эхийн одон авах болоход охин Алягууг бусдад үрчлүүлсэнтэй холбогдуулан 4 хүүхэдтэй байх гэсэн нөхцөлд нийцэхгүй болсон тул үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хуульд зааснаар үрчлэгч нь эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан, хүүхэдтэй хэрцгий харьцсан, хуурамч бичиг баримт бүрдүүлэн үрчлэн авах шийдвэр гаргуулсан, мөн үрчлэн авах эрхгүй этгээд буюу ганц бие, бусдын асрамжид байгаа 60-аас дээш настай төрөл, садан бус Монгол Улсын иргэн, 60-аас дээш настай гадаадын иргэн, эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан буюу хязгаарлуулж, хасуулж байсан, урьд нь үрчлэн авсан хүүхдээ өөрийн буруугаас буцаан өгсөн, ашиг хонжоо олох зорилготой, шүүхийн шийдвэрээр иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй буюу хязгаарлагдмал чадамжтай гэж тооцогдсон, сүрьеэ, сэтгэцийн өвчтэй, согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг, эрүүгийн хэрэгт удаа дараа шийтгүүлсэн, хорих ял эдэлж байгаа этгээд болох нь илэрсэн зэрэг дээрх нөхцөл байдлуудтай дүйцэхүйц бусад хүндэтгэн үзэх үндэслэл тогтоогдвол хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох зохицуулалттай.
Шүүх хэрэгт авагдсан баримт болон нэхэмжлэгчийн тайлбараар дээрх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Тодруулбал, үрчлэлтийг хүчингүйд тооцуулах нь хүүхдийн эрх, ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхүйц нөхцөл байдал үүссэн нөхцөлд түүний эрх, ашиг сонирхлыг хамгаалах үүднээс хэрэгжүүлж буй эрх зүйн зохицуулалтын хувьд бусдад эдийн засгийн болон ашигтай байдлыг бий болгох зорилгыг агуулахгүй болно.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: Монгол Улсын Шүүхийн шийдвэрийн цахим сан (shuukh.mn)
Тоймыг бэлтгэсэн: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Баярмаа