ХЭРГИЙН ОРОЛЦОГЧ ЭРХ, ҮҮРГЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭЭГҮЙ НЬ ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД СААД БОЛОХГҮЙ
2023-11-13 Админ Хандсан тоо: 155 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: 2023.03.15 101/ШШ2023/01338

Тоймын дугаар, огноо: №19, 2023.04.28

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Агуулга: Иргэн Сүрэнгээс Доржид холбогдуулан “...хүүхдийн эцэг тогтоолгох, тэтгэлэг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж шүүхэд ханджээ.

Шүүх, хариуцагч Доржид нэхэмжлэлийн хувийг гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хэргийн оролцогчийн эдлэх эрх, хүлээх үүргийг танилцуулсан ба хариуцагчийн хүсэлтээр эцэг тогтоох шинжээч томилсон.

Гэвч хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр эцэг тогтоолгох шинжилгээний дээж өгөөгүйгээс Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн шинжилгээ хийх боломжгүйгээ шүүхэд мэдэгдэж, хариу хүргүүлсэн.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, нотлох баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хариуцагч ийнхүү биелүүлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг саатуулах үндэслэл болохгүй учир хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэхээр тогтсон.  

Нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд мэдэгдсэн хаяг, утас руу шүүх хуралдааны товыг мэдэгдэх ажиллагаа хийхэд хариуцагч Дорж нь тухайн хаягт оршин суудаггүй болохыг харьяалах хорооны Засаг дарга тодорхойлсон ба шүүхийн ажилтан хариуцагчийн утас руу удаа дараа залгахад утсаа аваагүй буюу хариулаагүй байна.

Дээр дурдсан шалтгаанаар хариуцагч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүйгээс шүүх хуралдааныг хойшлуулж, хариуцагчийн эрх тэгш мэтгэлцэх нөхцөл, боломжийг шүүх хязгаарлаагүй буюу шүүх хурлын товыг мэдэгдэх ажиллагааг хуульд зааснаар явуулсан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хэргийн оролцогч хаягаа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүрэгтэй. Хариуцагч Дорж өөрийн хаяг өөрчлөгдсөн эсэхийг шүүхэд мэдэгдээгүй тул шүүх хуралдаанд дуудах мэдэгдэх хуудсыг түүний сүүлчийн хаягаар хүргүүлж, мөн харьяа хорооны Засаг даргад хүлээлгэн өгч, шүүх хуралдааны тов хүргэсэнд тооцсон.

Иймд шүүх хуралдааны товыг зохих журмын дагуу хариуцагчид мэдэгдсэн тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тухайд бүхэлд нь хангаж, хариуцагч Доржийг хүүхдийн эцгээр тогтоож, хүүхдийн тэтгэлгийг хуульд зааснаар гаргуулж шийдвэрлэсэн.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: Монгол Улсын Шүүхийн шийдвэрийн цахим сан (shuukh.mn)

Тоймыг бэлтгэсэн: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа