ИЛҮҮ ХАШААЛСАН ГАЗРЫГ ЧӨЛӨӨЛЖЭЭ
2023-11-13 Админ Хандсан тоо: 186 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: 2023.07.05 101/ШШ2023/03374

Тоймын дугаар, огноо: 2023.08.01 №27

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй

Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Агуулга: Иргэн С нь өөрийн өмчлөлийн газрыг өөрийн хөрш иргэн А-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шүүхэд ханджээ.

Иргэн А нь манайх хашаа байшин худалдан авахдаа ийм нөхцөл байдалтай байсныг мэдээгүй, манай хашаа хүүхэд тоглох талбайгүй, амьдрах орчин хязгаарлагдмал, хашаагаа байшинтай хэсгээ үлдээгээд өөр хэсгээр өгвөл хашаанд машин орох боломжгүй, үзэгдэх орчин хашаагаар хязгаарлагдах тул кадастрын зургаас илүү хашаалсан хэсгийг мөнгөн хэлбэрээр нэхэмжлэгчид төлөх саналтай байна гэсэн тайлбар гаргажээ.

Нэхэмжлэгч нь хариуцагчийн дээрх саналыг хүлээн зөвшөөрөхгүй, байшингийн доорх 4 м.кв газрыг чөлөөлөхөд хүндрэлтэй байгаа бол манай хашаатай хамаарах өөр хэсгээс газрыг өгч болно, надад мөнгө хэрэггүй газар маань хэрэгтэй гэсэн тайлбар гаргаж, саналыг хүлээн авахаас татгалзаж, талууд эвлэрээгүй байна.

Хэргийн үйл баримтаар, газрын кадастрын мэдээллийн санд нэхэмжлэгч, хариуцагч нарын өмчлөлийн газар давхцалгүй боловч бодит байдалд нэхэмжлэгчийн өмчлөлийн газраас хариуцагч хашааны хэсгээр 36 м.кв, байшингийн доорх газар 4 м.кв-ыг тус тус илүү эзэмшиж байгаа болох нь шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.

Шүүх Иргэний хуульд зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй тул хариуцагч А-ийн хууль бус эзэмшлээс нэхэмжлэгчийн өмчлөлийн 40 м.кв газрыг чөлөөлж шийдвэрлэсэн.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоосhttps://shuukh.mn/single_case/127698?daterange=2023-01-01%20-%202023-08-01&id=1&court_cat=1&bb=1

Тоймыг бэлтгэсэн: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Цэрэндулам