ГЭРЛЭЛТИЙГ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БУС ГЭЖ ТООЦОХ ҮНДЭСЛЭЛГҮЙ ГЭЖ ҮЗЭВ
2023-11-13 Админ Хандсан тоо: 232 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар:  2023.03.30 №101/ШШ2023/01631

Тоймын дугаар, огноо: 2023.09.19 №28

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой юм.

Агуулга: Иргэн А нь амьдралаа дээшлүүлэх зорилгоор гадаад улсын иргэн КН-тай гэрлэлтээ батлуулж, түүний хамт гэрлэлтийн бүртгэл хийгдсэн өдрөөс хойш 14 хоногийн дараа Монгол Улсын хилээр гарсан байх бөгөөд 12 жилийн дараа эргэн эх орондоо ирсэн байна.

Иргэн А нь гадаад улсын иргэн КН-г их дээрэнгүй харилцаатай, хүйтэн хүн шиг санагддаг байсан, түүний амьдарч байсан улсад очоод 3-4 хоног хамт байгаад цаашаа өөрөө улс руу очиж амьдарсан. Одоо тэр хүнтэй огт холбоогүй учраас гэрлэлтийн бүртгэлтэй байхыг хүсэхгүй байгаа учир гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Хуульд зааснаар өмнөх гэрлэлт хүчинтэй байгаа бол, гэрлэгчид хоёулаа, эсхүл хэн нэг нь насанд хүрээгүй бол, төрөл, садангийн хүмүүс хоорондоо гэрлэх, харгалзан дэмжигч, дэмжүүлэгч хоёр гэрлэх, үрчлэгч, үрчлүүлэгч хоёр гэрлэх, гэрлэгчдийн хэн нэг нь, эсхүл хоёулаа удамших хандлагатай сэтгэцийн архаг өвчтэй бол, гэр бүл болох зорилгогүйгээр гэрлэлт бүртгүүлсэн нь тогтоогдвол гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцох зохицуулалттай.

Тодруулбал, гэрлэлтээ бүртгүүлсэн гэрлэгчдийн гэрлэлтийг хүчин төгөлдөр бусд тооцуулах маргааны хувьд нөгөө гэрлэгчийг байлцуулахгүйгээр, түүний тайлбарыг авалгүйгээр үндэслэл бүхий дүгнэлтийг шүүх хийх боломжгүй.

Хэрэгт авагдсан баримтаас гадаад улсын иргэн КН нь олон улсын хамтын ажиллагааны байгууллагад албан хэргээр оршин суух зөвшөөрөлтэй байсан, гэрлэгч нарын бүртгэлийн байгууллагад гаргасан өргөдөл, гэрлэснийг бүртгэх анкет, эрүүл мэндийн тодорхойлолт, оршин сууж байсан хорооны Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар зэрэг баримтаас үзвэл нэхэмжлэгч А болон КН нар Гэр бүлийн тухай хуулийн 9-д заасныг зөрчиж гэрлэсэн, гэр бүл болох зорилгогүйгээр гэрлэлтээ бүртгүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоосМонгол Улсын Шүүхийн шийдвэрийн цахим сан (shuukh.mn)

Тоймыг бэлтгэсэн: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам