ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ХУУЛИЙН ЯМАР НЭГ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ХЭЛЦЭЛ БҮР ХҮЧИН ТӨГӨЛДӨР БУСАД ТООЦОГДОХГҮЙ
2023-11-13 Админ Хандсан тоо: 194 ХуваалцахТоймын төрөл: Шийдвэрийн тойм
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 103/ШШ2022/00214 дугаартай шийдвэр
Шийдвэрийн төлөв:Шийдвэрийг нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн гомдлоор давж заалдах шатны шүүхэд хянан хэлэлцэж гомдлыг хангахгүй орхиж, хуулийн хэрэглээнд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн. Хяналтын шатны шүүхэд хянагдаж байна.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Агуулга: Иргэн Б, Э нар өөрсдийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг газрын хамт иргэн Г, Б нарт 37 сая төгрөгөөр борлуулахаар болж худалдах, худалдан авах гэрээ байгуулж Г, Б нар нь гэрээнд заасан мөнгийг мөн өдрөө Б, Э нарт шилжүүлснээр үл хөдлөх хөрөнгийн болон газрын гэрчилгээ худалдан авагчийн нэр дээр шилжсэн.
Худалдан авагч тал худалдагч талын арилжааны өртгийн саналын дагуу гэрээнд дурдсан төлбөрийг бүрэн шилжүүлсэн боловч худалдагч талын бага татвар төлөх хүсэл зоригийг хүндэтгэж гэрээг нотариатаар гэрчлүүлэхдээ үнийн дүнг 14 сая төгрөг болгон бууруулж үзэглэсэн байна.
Жилийн дараа худалдагч тал “Худалдан авагчтай байгуулсан худалдах, худалдан авах гэрээнүүд нь гэрээний үнийн дүнг багасгаж бичсэн, хууль зөрчсөн хэлцэл болсон” хэмээн шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, хүчин төгөлдөр бусад тооцуулсны үр дагаврыг арилгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
Харин хариуцагч тал “Нэхэмжлэгчийн хүсэлтээр түүнд ноогдох татварыг багасгах зорилгоор үнийн дүнг бууруулж гэрчлүүлсэн, талуудын хүсэл зоригоо илэрхийлж байгуулсан гэрээ тул хэлцэл хүчин төгөлдөр” гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.
Шүүхээс талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж, агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэйн зэрэгцээ худалдах, худалдан авах хүсэл зоригоо сайн дураар чөлөөтэй илэрхийлж харилцан тохиролцож арилжааг хийсэн, гэрээг нотариатаар гэрчлүүлэхдээ мөн адил талууд харилцан зөвшөөрч үнийн дүнг багасгасан болох нь тогтоогдож байна гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Тоймыг бэлтгэсэн: Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа