ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ТАЛУУДЫН ХООРОНД ГЭРЭЭНИЙ ХАРИЛЦАА ҮҮССЭН ҮҮ
2023-11-13 Админ Хандсан тоо: 159 ХуваалцахТоймын төрөл: Шийдвэрийн тойм
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2023.01.25-ны өдөр 103/ШШ2023/00059
Тоймын дугаар, огноо: №02, 2023.05.25
Шийдвэрийн төлөв: Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно”
Агуулга: Иргэн Баатарын эхнэр Сараа банкнаас анх 15,200,000 төгрөг, удаахад нь 3,000,000 төгрөгийн хоёр удаагийн зээл авчээ
Талууд зээлийн гэрээг бичгээр байгуулж, Сараа ганцаар гарын үсэг зурсан байх бөгөөд нөхөр Баатар гарын үсэг зураагүй, 2 дахь удаа нь өмнөх зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах нэмэлт гэрээ нэрээр зээлийн гэрээ байгуулж нөхөр Баатар нь гарын үсэг зурсан баримтууд хэрэгт авагдсан.
Эхнэр Сараа жилийн дараа авто ослын улмаас нас барсан. Банк нөхөр Баатараас 3 жилийн дараа 2 удаагийн цалингийн зээлийн төлбөрт 26,000,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Нөхөр Баатар “Энэ зээлийг эхнэр өөрийн ирээдүйд авах цалингаа барьцаалж авсан, 2 дахь гэрээнд зурсан гарын үсэг нь минийх биш” хэмээн маргасан.
Шүүхээс хоёр удаа шинжээч томилж дүгнэлт гаргуулахад “Нэмэлт цалингийн зээлийн гэрээ буюу 2 дахь гэрээний гарын үсэг нь хариуцагч Баатарын гарын үсэг биш болно” гэсэн дүгнэлтийг ирүүлсэн.
Иргэний хуульд зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох гэрээг бичгээр хийнэ, тухайн гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу тохиролцсон бол талууд нэг баримт үйлдэж гарын үсэг зурснаар гэрээ байгуулагдсанд тооцохоор заасан бөгөөд банк, хариуцагч Баатар нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй, хариуцагч Баатар гэрээнд гарын үсэг зураагүй, талууд зээлийн гэрээний харилцаанд оролцоогүй, нэхэмжлэгч банк нь Баатартай иргэний эрх зүйн харилцаа үүсгэж түүнтэй зээлийн гэрээ байгуулсан гэдгээ баримтаар нотолж чадаагүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/125331?daterange=2023-01-01%20-%202023-05-25&id=1&court_cat=1&bb=1
Тоймыг бэлтгэсэн: Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа