ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ТӨЛӨӨЛӨХ ЭРХГҮЙ БОЛОХОО ГАДАГШ БУЮУ БУСДАД ХАНГАЛТТАЙ ТОДОРХОЙ ИЛЭРХИЙЛЭЭГҮЙ БОЛ ТӨЛӨӨЛӨХ ЭРХТЭЙ ГЭДЭГТ ИТГЭЖ, ҮНЭМШСЭН ЭТГЭЭДИЙН ИТГЭЛ ҮНЭМШИЛ ХАМГААЛАГДАНА
2023-11-13 Админ Хандсан тоо: 162 ХуваалцахТоймын төрөл: Шийдвэрийн тойм
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, 2019.04.17-ны өдөр №184/ШШ2019/01012
Тоймын дугаар, огноо: №3, 2022.09.27
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно. Мөн зохиомол нэр ашигласан болно.
Агуулга: “Мандах” ХХК нь иргэн Ган-Одтой гэрээ байгуулж, ачаа тээвэрлүүлэхээр харилцан тохиролцжээ. Иргэн Ган-Од шүүхэд хандаж ажлын хөлсөө нэхэмжлэхэд хариуцагч “Мандах” ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч Ган-Одтой байгуулсан гэрээнд компанийн гүйцэтгэх захирал бус компанийн менежер болох Энх гарын үсэг зурсан тул уг гэрээ нь хүчин төгөлдөр бус гэж маргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон баримтаар “Мандах” ХХК-ийн менежер гэх Энх нь тус компанийн гүйцэтгэх захирал биш боловч тус компанийн өөр бусад гэрээнүүдэд гарын үсэг зурдаг байсан, түүнчлэн, банкнаас авсан зээлийн гэрээнд ч Энх гарын үсэг зурж байсан болох нь тогтоогдсон, Ган-Одтой байгуулсан гэрээнд Энх гарын үсэг зурж, “Мандах” ХХК-ийн тэмдэг дарагдсан байв.
Иргэний хэргийн анхан шатны шүүхээс, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж, төлөөлөх эрхгүй этгээд гарын үсэг зурсан болохыг Ган-Од мэдээгүй, мэдэх боломжгүй байсан, энэ тохиолдолд гэрээ байгуулсны улмаас үүсэх хариуцлагыг Ган-Од хариуцах үндэслэлгүй гэж үзэж, Ган-Одын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/83557?daterange=2012-01-01%20-%202022-09-27&id=1&court_cat=1&bb=1
Тоймыг бэлтгэсэн: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар