ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ГЭРЭЭНИЙ СТАНДАРТ НӨХЦӨЛИЙГ ИЛЭРХИЙЛСЭН ҮГ ХЭЛЛЭГИЙН УТГА САНАА ОЙЛГОМЖГҮЙ БОЛ ТҮҮНИЙГ САНАЛ ХҮЛЭЭН АВАГЧ ТАЛД АШИГТАЙГААР ТАЙЛБАРЛАНА
2023-11-13 Админ Хандсан тоо: 166 ХуваалцахТоймын төрөл: Шийдвэрийн тойм
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, 2016.08.03-ны өдөр №184/ШШ2016/00490
Тоймын дугаар, огноо: №4, 2022.09.29
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно. Мөн зохиомол нэр ашигласан болно.
Агуулга: Нэхэмжлэгч Ган нь хариуцагч Г.М эмнэлэгт холбогдуулан эмчилгээний илүү төлсөн зардал нэхэмжилсэн.
Хариуцагч Г.М эмнэлэг нь нийтэд санал болгосон эмнэлгийн үйлчилгээний тарифыг 1 хоногийн 150.000 төгрөг, 200.000 төгрөг хэмээн бичиж, ханандаа ил харагдахуйц байдлаар байрлуулсан боловч ямар тохиолдолд 150.000 төгрөг, ямар тохиолдолд 200.000 төгрөгийн төлбөр авах талаар заагаагүй, энэ талаараа мөн шүүх хуралдаанд үндэслэл бүхий тайлбар гаргаагүй байна.
Шүүх нийтэд санал болгосон төлбөрийн нөхцөл буюу гэрээний стандарт нөхцөл ойлгомжгүй тохиолдолд уг саналыг хүлээн авагч талд ашигтайгаар хэрэглэх ёстой гэж үзэж, Г.М эмнэлгийн төлбөрийг 1 өдрийн 150.000 төгрөгөөр тооцох тухай шийдвэр гаргасан.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/110951?daterange=2012-01-01%20-%202022-09-28&id=1&court_cat=1&bb=1
Тоймыг бэлтгэсэн: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар