ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
КОМПАНИЙН ХУВЬЦААНЫ 20 БУЮУ ТҮҮНЭЭС ДЭЭШ ХУВИЙГ ЭЗЭМШИЖ БАЙГАА ЭТГЭЭДИЙГ ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТАН ГЭЖ ҮЗЭВ
2023-11-13 Админ Хандсан тоо: 188 ХуваалцахТоймын төрөл: Шийдвэрийн тойм
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, 2021.06.02-ны өдөр. №184/ШШ2021/01305
Тоймын дугаар, огноо: №6, 2022.10.28
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно. Мөн зохиомол нэр ашигласан болно.
Агуулга: “Долгион” ХХК болон “Сан” ХХК нь хоорондоо худалдах худалдан авах гэрээг бичгээр байгуулж, гэрээнд “Долгион” ХХК-ийг төлөөлж, гүйцэтгэх захирал Ганаа, “Сан” ХХК-ийг төлөөлж Норов гэгч гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулжээ.
“Долгион” ХХК нь худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 38,926,160 төгрөгийг “Сан” ХХК-иас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. “Сан” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “ ...талуудын хооронд байгуулсан гэрээнд “Сан” ХХК-ийг төлөөлж Норов гэгч гарын үсэг зурж, бүтээгдэхүүнийг хүлээн авсан, тэрээр компанийн хувьцаа эзэмшигч болохоос компанийн гүйцэтгэх захирал биш, компанийг төлөөлж гэрээ хэлцэл хийх, компанийн өмнөөс тайлбар гаргах эрхгүй этгээд тул уг гэрээний үүргийг компани хариуцахгүй...” гэх тайлбарыг шүүхэд гаргаж маргав.
Хэрэгт авагдсан “Сан” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, бусад нотлох баримтуудаар “Сан” ХХК-ийн гүйцэтгэх захирал нь гэрээнд компанийг төлөөлөн гарын үсэг зурсан Норовын гэр бүлийн хүн Төгс болох нь, мөн Норов, Төгс нар нь уг компанийн хувьцааг тэнцүү /50:50/ хэмжээгээр хуваан эзэмшдэг бөгөөд бусад тохиолдолд ч Норов нь компаниа төлөөлөн гэрээ, хэлцэл хийдэг болох нь тус тус тогтоогджээ.
Түүнчлэн, гэрээний дагуу нийлүүлсэн бүтээгдэхүүнийг хариуцагч компани хүлээн авсан, хоёр компанийн нягтлан бодогч нар дээрх гэрээний асуудлаар харилцан тооцоо нийлж, төлбөрийн үлдэгдлийн хэмжээг тогтоож акт үйлдсэн нь хэрэгт авагджээ.
Компанийн тухай хуульд зааснаар хязгаарлагдмал хариуцлагатай компанийн энгийн хувьцааны 20 ба түүнээс дээш хувийг дангаараа эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчийг тухайн компанийн эрх бүхий албан тушаалтантай адилтгаж үзэх боломжтой байна.
Шүүхээс нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бөгөөд, нэхэмжлэгч тал Норовыг тухайн компанийг төлөөлөх эрхтэй гэж ойлгосон, гэрээний дагуу “Долгион” ХХК нь бүтээгдэхүүнийг худалдан авагч тал болох “Сан” ХХК-д нийлүүлсэн тул худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 38,926,160 төгрөгийн “Сан” ХХК-иас гаргуулах үндэслэлтэй гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/103206?daterange=2021-01-01%20-%202022-10-27&id=1&court_cat=1&bb=1
Тоймыг бэлтгэсэн: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх