ХУВИЙН СУРГУУЛИЙН ТӨЛБӨРИЙГ ХҮҮХДИЙН ЭЦГЭЭС ШААРДАН ГАРГУУЛАХ НЭХЭМЖЛЭЛИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОВ
2023-11-13 Админ Хандсан тоо: 171 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, 2022.08.02-ны өдөр. №184/ШШ2022/02492

Тоймын дугаар, огноо: №7, 2022.11.14 

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно. Мөн зохиомол нэр ашигласан болно.

Агуулга: Иргэн О нь “хүүхдийн сургалтын төлбөрийн 50 хувь болох 2.250.000 төгрөгийг Б-с гаргуулах” тухай нэхэмжлэл гаргасныг Б эс зөвшөөрч “… улсын сургуульд үнэ төлбөргүй сурч байсан хүүхдийг сайн дураараа төлбөртэй сургуульд шилжүүлсэн, суурь боловсрол үнэ төлбөргүй үед төлбөртэй сургууль сонгох шаардлага байхгүй байсан, мөн түүнчлэн охин Г-д шүүхийн шийдвэрээр тогтоосон хүүхдийн тэтгэлгийг сар бүр төлж байгаа...” гэж маргажээ.

Шүүх уг маргааныг хянан хэлэлцээд О-ны нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг үнэ төлбөргүй олгохоор Монгол Улсын Үндсэн хуульд заасан тул эх /эцэг/ хүүхдээ хувийн сургуульд сургаж байгаа нь өөрийн сонголтын дагуу гаргаж буй сайн дурын зардал гэж үзнэ гэж шүүхээс дүгнэв.

Өөрөөр хэлбэл, хувийн сургуульд хүүхдээ сургах зорилгоор төлбөр төлж байгаа нь энэ тохиолдолд, бусдад үүрэг хүлээлгэх үндэслэл болох зайлшгүй зардал биш тул хариуцагч Б-с уг зардлыг гаргуулах үндэслэлгүй гэж шүүх үзжээ.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/123140?daterange=2022-01-01%20-%202022-11-16&id=1&court_cat=1&bb=1

Тоймыг бэлтгэсэн:  Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярмаа