ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГӨТЭЙ ХОЛБООТОЙ ХЭЛЦЛИЙГ УЛСЫН БҮРТГЭЛД БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БОЛ ӨМЧЛӨХ ЭРХ ШИЛЖИХГҮЙ ГЭЖ ҮЗЖЭЭ
2023-11-13 Админ Хандсан тоо: 160 ХуваалцахТоймын төрөл: Шийдвэрийн тойм
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, 2021.11.23-ны өдөр. №184/ШШ2021/02740
Тоймын дугаар, огноо: 2022.11.28
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно. Мөн зохиомол нэр ашигласан болно.
Агуулга: Нэхэмжлэгч Эрдэнэ, Энх, Отгон нар нь хариуцагч Цолмонд холбогдуулан хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, хариуцагч Цолмонг орон сууцнаас албадан гаргуулах нэхэмжлэл гаргасан.
Маргаан бүхий орон сууц нь талийгаач Доржийн өмчлөлийн /нэг хүний/ байр байсан бөгөөд тэрээр 2019.11.28-нд нас баржээ. Хариуцагч Цолмон нь талийгаач авга ах Доржийг БНХАУ руу эмчилгээнд явах үед эмчилгээний төлбөр зээлдүүлэх, зээлийг төлөх хүртэл баталгаа болгож, түүний өмчлөлийн орон сууцыг хамтран өмчлөх тухай хэлцэл байгуулж, нотариатаар гэрчлүүлжээ.
Түүнчлэн, хариуцагч Цолмон нь талийгаач Доржтой орон сууцыг хамтран өмчлөх тухай хэлцэл байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн боловч уг хэлцлийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй байна. Шүүх хэргийг хянаад, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхтэй холбоотой хэлцлийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул хариуцагчид өмчлөх эрх үүсээгүй байна гэж үзсэн.
Харин орон сууцанд хариуцагч Цолмонгоос өөр этгээд оршин сууж байсан тул түүнийг албадан гаргах боломжгүй гэж үзэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/106450?daterange=2021-11-01%20-%202021-11-30&id=1&court_cat=1&bb=1
Тоймыг бэлтгэсэн: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Оюунжаргал