ЦАГААТГАЛЫН НӨХӨХ ОЛГОВРЫГ ХЭЛМЭГДЭГЧ, ЭСХҮЛ ТҮҮНИЙ ЭХНЭР /НӨХӨР/, ЭСХҮЛ ТӨРСӨН БОЛОН ҮРЧИЛЖ АВСАН ХҮҮХЭД НЭХЭМЖЛЭХ ЭРХТЭЙ
2022-12-15 Админ Хандсан тоо: 167 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, 2022.03.15-ны өдөр №184/ШШ2016/00840

Тоймын дугаар, огноо: №8, 2022.12.15 

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно. Мөн зохиомол нэр ашигласан болно.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Доржийн зээ хүү Бат нь цагаатгалын нөхөх олговорт 40,000,000 төгрөгийг төрөөс гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Батын өвөө Доржийг Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 14 дүгээр хурлын тогтоолоор 10 жил хорих ялаар шийтгэснийг Улсын Дээд шүүхийн цэргийн коллегийн 1991 оны 09 сарын 19-ний өдрийн 141 тоот тогтоолоор цагаатгажээ.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Доржийн охин буюу нэхэмжлэгчийн ээж Дулмаа нь цагаатгалын нөхөх олговор гаргуулах нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаж байх хугацаандаа нас барсан тул түүний хүү буюу хэлмэгдэгчийн зээ хүү цагаатгалын нөхөх олговорт 40,000,000 төгрөг авах эрхтэй гэж үзжээ.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд зааснаар, нөхөх олговрыг хэлмэгдэгчид, хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд олгохоор заажээ. Эдгээр этгээд нас барсан бол нөхөх олговор авах эрх өв залгамжлалаар шилжихээр заагаагүй байна.

Шүүх дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Батыг хуульд нэрлэн заасан нөхөх олговор авах эрх этгээд биш, нөхөх олговор авах эрх өв залгамжлалаар шилжих боломжгүй гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоосhttps://shuukh.mn/single_case/110951?daterange=2012-01-01%20-%202022-09-28&id=1&court_cat=1&bb=1

Тоймыг бэлтгэсэн: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн