ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГЭРЭЭГЭЭР ЖУУЛЧНЫ КОМПАНИ ЖУУЛЧИНД АЯЛЛЫН ИЖ БҮРЭН, ЦОГЦ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ҮҮРЭГТЭЙ
2023-11-13 Админ Хандсан тоо: 154 ХуваалцахТоймын төрөл: Шийдвэрийн тойм
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, 2018.10.03-ны өдөр №184/ШШ2018/02437
Тоймын дугаар, огноо: №1, 2023.01.20
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно. Мөн зохиомол нэр ашигласан болно.
Агуулга: Нэхэмжлэгч О ХХК хариуцагч Т-д холбогдуулан аялал жуулчлалын явцад гарсан онгоцны нэмэлт зардалд 2.970.500 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч О ХХК нь хариуцагч Т-тэй 2018 оны 6 дугаар сарын 23-ны өдөр ОХУ-ын Сочи хотод болох хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үзүүлэхээр, иж бүрэн аяллын хөтөлбөр санал болгож, аялал жуулчлалын гэрээ байгуулжээ. Жуулчны компани болох О ХХК нь ОХУ-ын Москва хотын нисэх онгоцны буудлын үүдэнд онгоц нисэхээс 40 минутын өмнө жуулчныг буулгаж өгсөн байна. Жуулчин буюу хариуцагч Т нь онгоцны гарцыг хайж хугацаа алдсаны улмаас хуваарьт нислэгээсээ хоцорсон тул жуулчны компаниас дахин онгоцны тасалбарын мөнгө авч Монгол Улсад ирсэн болох нь тогтоогдсон.
Аялал жуулчлалын гэрээ байгуулсан бол жуулчны компани жуулчинд аяллын иж бүрэн үйлчилгээ үзүүлэх үүргийг хуулиар хүлээдэг. Гэтэл жуулчны компани энэ үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу олон улсын хуваарьт нислэгээс 40 минутын өмнө жуулчныг нисэх буудлын үүдэнд буулгасан, мөн онгоцны гарцад хүргэж өгөөгүйгээс нэмэлт зардал гарсан гэж шүүх үзсэн тул жуулчны компанийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/79560?daterange=2017-01-01%20-%202023-01-19&id=1&court_cat=1&bb=1
Тоймыг бэлтгэсэн: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар