ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ӨМЧЛӨГЧ НЬ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭ БУСДАД АШИГЛУУЛАХЫГ ЗӨВШӨӨРЧ ШИЛЖҮҮЛСЭН БОЛ ХАРИУЦЛАГААС ЧӨЛӨӨЛӨГДӨХГҮЙ
2023-11-13 Админ Хандсан тоо: 182 ХуваалцахТоймын төрөл: Шийдвэрийн тойм
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, 2021 он 12 сарын 17 өдөр №184/ШШ2021/03397
Тоймын дугаар, огноо: №2, 2023.02.14
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр бус бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой. Мөн зохиомол нэр ашигласан болно.
Агуулга: Нэхэмжлэгч Бат нь хариуцагч Болд, Дорж нарт холбогдуулан тээврийн хэрэгсэлд учруулсан гэм хорын хохиролд 17 885 805 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.
Хариуцагч Дорж нь 2021 оны 07 сарын 18-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хариуцагч Болдын өмчлөлийн тээврийн хэрэгслийг түүний зөвшөөрснөөр жолоодож явахдаа зам, тээврийн осол гаргаж, нэхэмжлэгч Батын тээврийн хэрэгсэлд 17 885 805 төгрөгийн хохирол учруулсан байна. Хариуцагч Болд нэхэмжлэлийг эс зөвшөөрч, тээврийн хэрэгслийн өмчлөгч мөн боловч хариуцагч Дорж тээврийн хэрэгсэл жолоодож яваад осол гаргасан тул би хариуцахгүй, Дорж хариуцах ёстой гэжээ.
Иргэний хуульд өмчлөгч нь тээврийн хэрэгслээ бусдад ашиглуулахыг зөвшөөрч шилжүүлсэн, шилжүүлсэн этгээд уг тээврийн хэрэгслийг жолоодож яваад зам тээврийн осол гаргаж, бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан бол өмчлөгч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй гэж заасан тул шүүхээс хариуцагч Болд, Дорж нараас 17 885 805 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Батад олгохоор шийдвэрлэсэн байна.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/108546?daterange=2021-12-17%20-%202021-12-30&id=1&court_cat=1&bb=1
Тоймыг бэлтгэсэн: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр