ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ХУВИАР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛСАН БОЛ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ ГЭЖ ҮЗЭХГҮЙ
2023-11-13 Админ Хандсан тоо: 212 ХуваалцахТоймын төрөл: Шийдвэрийн тойм
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, 2022.11.28-ний өдөр №184/ШШ2023/03808
Тоймын дугаар, огноо: №5, 2023.05.26
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Агуулга: Нэхэмжлэгч С нь хариуцагч Э, Д, Н нарт холбогдуулан, хариуцагч нартай амаар тохирсон хамтран ажиллах гэрээний дагуу үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхэлсэн гэж үзэж, уг үйл ажиллагааны улмаас хуримтлагдсан нийт хөрөнгөөс 15 хувь буюу 150.000.000 төгрөгийг хариуцагч нараас тэнцүү хэмжээгээр гаргуулах нэхэмжлэл гаргасан.
Хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр ашиг олох болон тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтын үйл ажиллагаа явуулахаар харилцан үүрэг хүлээсэн гэрээг хамтран ажиллах гэрээ гэж үздэг байна.
Хэрэгт авагдсан баримтаар талуудын эрхэлж байсан үйлдвэрлэлийн үйл ажиллагаа нь хуулийн этгээд /компани/-ийн бүтцэд багтаж байсан, ашиг, орлого нь компанийн хөрөнгө болох нь баримтаар тогтоогдсон. Ийнхүү талууд хуулийн этгээд /компани/-ийн хувиар үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулсан нь хамтран ажиллах гэрээнд хамаарахгүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/125287?daterange=2022-01-01%20-%202023-05-29&id=1&court_cat=1&bb=1
Тоймыг бэлтгэсэн: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн