ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
БАРИЛГЫН НОРМ СТАНДАРТ МАРГААНЫ ҮЙЛ БАРИМТЫГ ТОГТООХ ҮНДЭСЛЭЛ БОЛОВ
2023-11-13 Админ Хандсан тоо: 181 ХуваалцахТоймын төрөл: Шийдвэрийн тойм
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, 2023.02.09-ний өдөр №184/ШШ2023/00686
Тоймын дугаар, огноо: №4, 2023.04.15
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж: Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр бус бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой. Мөн зохиомол нэр ашигласан болно.
Агуулга: Нэхэмжлэгч А нь хариуцагч Б-д холбогдуулан хамран ажиллах гэрээний дагуу олсон орлого болох 15.000.000 төгрөгийг бүхэлд гаргуулах нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Б гэрээний үүргээ биелүүлсэн тул 15.000.000 төгрөгийг төлөхгүй гэж маргажээ.
Нэхэмжлэгч А нь ажил олох, хариуцагч Б нь олсон ажлыг гардан хийж гүйцэтгэх замаар талууд хамтарч С-ийн гражийн шал цутгалтын ажлыг хийж гүйцэтгэхээр тохирсон болох нь хэргийн баримтаар тогтоогдсон байна.
Нэхэмжлэгч А нь шал цутгалтын ажлыг С-тэй тохирсон хугацаа болох 2021 оны 9 сарын 25-ны дотор Б-г хийж гүйцэтгээгүй тул 2021 оны 10 сарын 4-ний өдрөөс 2021 оны 10 сарын 15-ны хооронд өөрөө гүйцэтгэж С-д ажлыг хүлээлгэж өгсөн гэх үндэслэл гаргасан. Хариуцагч Б ажлыг С-тэй тохирсон хугацаа болох 2021 оны 9 сарын 25-ны дотор хийж гүйцэтгэсэн гэж няцаасан. Өөрөөр хэлбэл талууд шал цутгалтын ажлыг 2021 оны 9 сарын 25-ны өдөр хийж дуусгасан эсэх нь маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой байсан.
Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 107 дугаар тушаалын 5-р хавсралтаар батлагдсан “Бетон ба төмөр бетон боомт БНбД 33-08-09”-ийн 2.7-д “төмөр бетон бүтээцийн бэхжилт авах хугацаа 28 хоног байх ёстой” талаар заажээ.
Барилгын стандартад 28 хоногт бетон зуурмаг хатаж, бэхжих талаар заасан байхад нэхэмжлэгч А нь дээр дурдсанаар ажлыг 11 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэсэн /2021.10.4-2021.10.15-ны өдөр/ гэж тайлбарласан нь эргэлзээтэй буюу үндэслэлгүй гэж шүүх үзсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/126301?daterange=2023-01-01%20-%202023-04-17&id=1&court_cat=1&bb=1
Тоймыг бэлтгэсэн: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүгч Т.Ариунболд