ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
УРЬД ЭРХЭЛЖ БАЙСАН АЖЛЫГ ГҮЙЦЭТГҮҮЛЖ ЭХЛЭХ ХҮРТЭЛ ХУГАЦААНД ӨМНӨ АВЧ БАЙСАН ДУНДАЖ ЦАЛИН ХӨЛСТЭЙ ТЭНЦЭХ ОЛГОВОР ОЛГОХЫГ АЖИЛ ОЛГОГЧИД ДААЛГАВ
2023-11-13 Админ Хандсан тоо: 206 ХуваалцахТоймын төрөл: Шийдвэрийн тойм
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, 2023.07.18-ний өдөр №184/ШШ2023/02666
Тоймын дугаар, огноо: №6, 2023.05.26
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Нэхэмжлэгч Э.Ц нь хариуцагч ГСШТ ААТҮГ-т холбогдуулан өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд баталгаажилт хийхийг хариуцагчид даалгах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.
Ажил олгогч болон ажилтан хөдөлмөрийн харилцааг бүр мөсөн дуусгавар болгох зорилгогүй, өөр ажил албан тушаалд шилжүүлэх хүсэл зоригтой байхад ажлаас халсан нь үндэслэлгүй гэж үзэж, ажилтан Э.Ц-г өмнө эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон.
Хөдөлмөрийн тухай хуулийн 61.2, 127.1-д шүүх ажилтныг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон бол хөдөлмөр эрхлэлтийн харилцаа бүхэлдээ сэргэхээр, мөн энэ тохиолдолд ажил олгогч өмнөх ажлыг ажилтнаар гүйцэтгүүлж эхлэх хүртэл хугацааны олговор олгох үүрэгтэй талаар тус тус хуульчилжээ.
Шүүх хуулийн дээрх зохицуулалтыг хэрэгжүүлэх үүднээс тодорхой үнийн дүн бүхий олговрыг ажил олгогчоос гаргуулалгүй, харин урьд эрхэлж байсан ажлыг ажилтнаар гүйцэтгүүлж эхлэх хүртэлх хугацааны олговор олгохыг ажил олгогчид даалгаж шийдвэрлэсэн.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/127788?daterange=2023-01-01%20-%202023-08-08&id=1&court_cat=1&bb=1
Тоймыг бэлтгэсэн: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар