ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙСАН ГАЗРЫГ ЧӨЛӨӨЛҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭВ
2023-11-13 Админ Хандсан тоо: 167 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, 2023.05.16-ны өдөр. №184/ШШ2023/01972

Тоймын дугаар, огноо: №7, 2023.09.07 

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Агуулга: Газрыг Газрын тухай хуульд заасан журмын дагуу эрхийн гэрчилгээний дагуу эзэмшиж, ашиглаж, өмчилнө.

Иргэн Э нь иргэн Б-д холбогдуулан түүний хууль бус эзэмшлээс өөрийн эзэмшдэг газраа чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг Б эс зөвшөөрч “... тухайн газрыг хэн ч эзэмшээгүй хоосон байхад нь би хашаа барьж амьдарч эхэлсэн, газрын албаны байцаагч нэхэмжлэгч талд үйлчилдэг учир зөвшөөрөхгүй...” гэж маргажээ.

Шүүх уг маргааныг хянан хэлэлцээд Э-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Маргаан бүхий газрын хууль ёсны эзэмшигч нь  хэрэгт цугларсан баримтууд болох газар эзэмших эрхийн гэрчилгээ, газрын байршлын кадастрын зураг, шинжээчийн дүгнэлт зэргээр иргэн Э болох нь тогтоогдсон. 

Хариуцагч Б-ийн гаргасан “газрыг эзэнгүй хоосон байхад нь хашаа барьж амьдарсан” гэх татгалзал нь түүнийг уг газрыг эзэмших эрхтэй гэж үзэх үндэслэл болохгүй ба иргэн Э нь газрын хууль ёсны эзэмшигчийн хувьд иргэн Б-ийн хууль бус эзэмшлээс газраа чөлөөлүүлэх нь үндэслэлтэй гэж  шүүхээс дүгнэв.

Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх холбоос: https://shuukh.mn/single_case/127586?daterange=2023-01-01%20-%202023-09-06&id=1&court_cat=1&bb=1 

Тоймыг бэлтгэсэн: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярмаа