ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
БУСДЫН АВТОМАШИНЫГ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ АВЧ ЯВАХ НЬ ГЭМТ ХЭРЭГ БОЛНО
2023-09-26 Админ Хандсан тоо: 235 ХуваалцахТоймын төрөл: Шийдвэрийн тойм
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх
Шийдвэрийн тойм: №01 2023.01.10
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Санамж: Энэ тойм нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Агуулга: Шүүгдэгч Д нь өөрийн зорчиж байсан таксины жолоочийг шатахуун түгээх станцын гадна машинаа зогсоож бие засаж байх үед автомашиныг нь дур мэдэн жолоодож согтуугаар замын хөдөлгөөнд оролцож яваад цагдаагийн албан хаагчид саатуулагдсан байна.
Иргэн Д-г бусдын автомашиныг зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт холбогдуулан прокурор яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх Д-г авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэжээ.
Давж заалдах шатны шүүх прокурорын гаргасан “анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол ойлгомжгүй, тодорхойгүй, түүнийг биелүүлэхэд эргэлзээтэй байхаар бичигдсэн” гэсэн эсэргүүцлийг үндэслэн хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүх шүүгдэгч Д-н гэм буруугийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн гэж үзэж шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
Өөрөөр хэлбэл, түүний үйлдэл нь хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй, хохирогч Ж-гийн эзэмшлийн машиныг өөрийн өмч болгох,худалдан борлуулах, сэлбэг байдлаар зарж борлуулах ,ашиглах гэсэн зорилгогүйгээр машиныг дур мэдэн жолоодож авч явсан болох нь тогтоогдож байна.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын дэлгэрэнгүйтэй
https://shuukh.mn/single_case/16246?daterange=2023/01/01%20-%202023/01/09%20&id=2&court_cat=2&bb=1 холбоосоор танилцана уу.
Тоймыг бэлтгэсэн: Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Цэцэгмаа