ХАМТРАН ЗЭЭЛДЭГЧ ЗЭЭЛИЙН ГЭРЭЭНИЙ ҮҮРГЭЭС ЧӨЛӨӨЛӨГДӨХГҮЙ
2023-11-13 Админ Хандсан тоо: 165 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм 

Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 140/ШШ2020/00227

Тоймын огноо, дугаар: 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр, дугаар 01

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Агуулга: Иргэн Ганаа нь эхнэр Нарантай хамтран 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ХХХ банктай өөрийн цалингаа барьцаалан 27.000.000 төгрөгийг, жилийн 1.4 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлсэн, ХХХ банк зээлийн мөнгөн хөрөнгийг үндсэн зээлдэгч Ганаагийн өмчлөлд шилжүүлсэн.

Ганаа зээлийн гэрээ байгуулснаас хойш үндсэн зээл, хүүг зээлийн гэрээнд заасан хугацаанд банканд төлж байсан боловч зээл авснаас хэсэг хугацааны дараа нас барсан. ХХХ банк хамтран зээлдэгч /эхнэр/ Нарангаас үндсэн зээлийн үлдэгдэл 23.3 сая төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1.7 сая төгрөг нийт 25 сая төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч Наран шүүхэд “нөхөр Ганаа нас барсны дараа 4 сарын зээлийн эргэн төлөлтийг би хуваарийн дагуу төлсөн, түүнээс цааш төлөх чадваргүй болсон, цалингийн зээл бол цалин авч байгаа этгээдтэй салшгүй холбоотой түүний ажиллаж хөдөлмөрлөсний үр дүнд бий болсон орлого тиймдээ ч банканд цалин орлогоосоо зээлийг төлж байсан зээлийг үлдэгдэл төлбөрийг төлөх боломжгүй” гэж маргасан.

Иргэний хуульд “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж заасан байна.

Өөрөөр хэлбэл зээлийн гэрээний үндсэн зээлдэгч Ганаа нас барснаар түүний гэрээгээр хүлээсэн үүрэг дуусгавар болно. Харин хариуцагч Наран зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл түүний гэрээгээр хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна.

Иймд хариуцагч Нарангаас үндсэн зээлийн үлдэгдэл 23.3 сая төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1.7 сая төгрөг нийт 25 сая төгрөгийг гаргуулж ХХХ банканд олгох нь үндэслэлтэй байна гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.

Шийдвэрийг бүрэн эхээр нь доорх холбоосоор харна уу: https://shuukh.mn/single_case/108900?daterange=2020-04-01%20-%202020-04-17&id=1&court_cat=1&bb=1

Тойм бэлтгэсэн: Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ