ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА ДУУССАНААР ШААРДАХ ЭРХ ДУУСГАВАР БОЛНО
2023-11-13 Админ Хандсан тоо: 157 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.09.15-ны өдрийн №140/ШШ2021/00336 шийдвэр

Шүүхийн шийдвэрийн тойм: №3 2023.05.09

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно”

Агуулга: Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Д.Ц зээлийн гэрээний үүрэгт 4.000.000 төгрөг гаргуулахаар, нэхэмжлэгч Д.Ц нь хариуцагч Б.А-аас худалдах худалдан авах гэрээний үүрэгт 3.000.000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжилсэн.

Талуудын хооронд 2015 онд зээлийн гэрээ байгуулагдаж Б.А нь Д.Ц-д 4.000.000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй зээлдүүлж байсан, мөн онд худалдах худалдан авах гэрээ байгуулагдаж Д.Ц нь өөрийн Ланд круйзер 80 маркын автомашинаа Б.Амард зарж байсан, эдгээр үйл баримтуудын талаар талууд маргаагүй байна.

Дээрх 4.000.000 төгрөгийг Д.Ц нь бүрэн төлж дуусгасан гэж, Б.А нь Ланд 80 автомашины зөрүүнд аксент автомашинаа өгч арилжсан тул одоо 3.000.000 төгрөгийг төлөхгүй гэж тайлбарлан маргаж байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт гэрээтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байхаар заасан. 2015 оноос хойш Д.Ц нь Б.А-аас дээрх 3.000.000 төгрөгийг нэхэмжилж байсан эсэх нь тодорхойгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх үндэслэлтэй.

Үндсэн нэхэмжлэлийн тухайд 2020 онд Б.А нь зээлсэн мөнгөө буцаан авахаар Д.Ц-д холбогдуулан аймгийн Цагдаагийн газарт гомдол гаргаж байсан, Прокурорын газрын мэдэгдэх хуудсаар түүнд хариу хүргүүлж байсан байна.

Иймд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд шаардлага тавьж байсан, хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж, сөрөг нэхэмжлэлийн хувьд хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан түр зогссон байдал тогтоогдохгүй байна гэж тус тус үзэж шийдвэрлэв.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоосhttps://shuukh.mn/single_case/109110?daterange=2021-09-01%20-%202021-10-09&id=1&court_cat=1&bb=1

Тоймыг бэлтгэсэн: Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Одонзул.