ХУДАЛДАН АВСАН ЗҮЙЛИЙН ҮНИЙГ ХУДАЛДАГЧИД ТӨЛСНӨӨР ҮҮРГИЙГ ГҮЙЦЭТГЭСЭНД ТООЦНО
2023-11-13 Админ Хандсан тоо: 157 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 205/МА2023/00019

Шүүхийн шийдвэрийн тойм: 3, 2023.06.15.

Шүүхийн шийдвэрийн төлөв:  Хүчин төгөлдөр болсон.

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Агуулга: Нэхэмжлэгч “А.А” ХХК нь хариуцагч ”Б.Б” ХХК-нд холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэг 44.531.199 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллага нь гэрээний үүргийг нэхэмжлэгч компаны төлөөлөгчид хүлээлгэн өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч “А.А” ХХК, хариуцагч “Б.Б” ХХК нар нь  2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр  “зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, гэрээгээр нэхэмжлэгч “А.А” ХХК” нь “хариуцагч “Б.Б” ХХК-нд бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, хариуцагч “Б.Б” ХХК нь гэрээний төлбөрийг ажлын 7 хоногт багтаан худалдагч байгууллагын дансанд бэлэн болон бэлэн бусаар төлөх үүргийг хүлээхээр харилцан тохиролцсон болох нь тогтоогдсон байна.

Маргааныг анхан шатны шүүх хянан хэлэлцээд хариуцагч “Б.Б ХХК” нь худалдах худалдан авах гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна гэж дүгнэж, нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж  шийдвэрлэжээ.

Хариуцагч гэрээний үүргийг биелүүлсэн байхад гэрээний төлбөрийг гаргуулж, шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль бус гэж үзэж,  давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасныг шүүх хянаад,

Худалдагч “А.А” ХХК нь гэрээний үүргээ биелүүлж бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн, харин худалдан авагч  гэрээнд заасан хугацаанд гэрээний үүргийг биелүүлээгүй байна.

Хариуцагч тал гэрээний үүрэг буюу 44.531.199 төгрөгийг нэхэмжлэгч компанийн төлөөлөгчид бэлнээр хүлээлгэн өгсөн гэж тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагыг татгалздаг боловч талуудын хооронд байгуулсан гэрээнд зээлийн төлбөрийг худалдагч байгууллагын дансанд бэлэн болон бэлэн бусаар төлөх, хэрвээ бэлнээр төлөх тохиолдолд бэлэн мөнгө хүлээлгэн өгсөн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурж хүлээлгэн өгнө.  Баримт үйлдээгүй тохиолдолд худалдагч тал хариуцлага хүлээхгүй гэж заажээ.

Мөн Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт “Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль буюу гэрээнд … заасан этгээдэд хүлээлгэж өгөхөөр  заасан байна.

Хариуцагч “Б.Б” ХХК нь гэрээний үүргийг 44.531.199 төгрөгийг гэрээнд зааснаар байгууллагын дансанд төлөөгүй, хууль буюу гэрээнд заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэн өгөөгүйгээс гадна худалдан авагчийн төлөөлөгчид өгсөн гэдгээ баримтаар нотлоогүй тул гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх үзжээ.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан байна гэж үзэж, шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч байгууллагын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Шүүхийн шийдвэрийг бүтнээр харах холбоос: https://shuukh.mn/single_case/27375?daterange=2023-01-01%20-%202023-06-22&id=2&court_cat=1&bb=1

Тоймыг бэлтгэсэн: Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунбаяр.