ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦАА НЬ ДУУСГАВАР БОЛСОН ХУРЛЫН ДАРГА, ТЭРГҮҮЛЭГЧИД АНХДУГААР ХУРАЛДААНЫГ ХОЙШЛУУЛАХ ЭРХГҮЙ
2023-09-26 Админ Хандсан тоо: 216 ХуваалцахТоймын төрөл: Шүүхийн шийдвэрийн тойм
Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 118/ШШ2021/0045
Тоймын огноо, дугаар: 2023 оны 01 дүгээр сарын 11, Дугаар 1
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Агуулга: А сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 21 төлөөлөгчтэй, 2020 оны 11 сарын 30-ны өдөр Анхдугаар хуралдаан болсноос, 10 төлөөлөгч танхимаар, 2 төлөөлөгч цахимаар хуралдаж, төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч, хуралдааны дэгийг батлан, Хурлын дарга, Тэргүүлэгчид, Засаг даргаа сонгосон. Төлөөлөгч нарт анхдугаар хуралдааны товыг мэдэгдсэн боловч “зарим төлөөлөгчид сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн учраас хуулийн байгууллагад маргаан үүсгэсэн, энэ асуудлыг шийдвэрлэж дуустал Анхдугаар хуралдааныг хийх боломжгүй” гэсэн шалтгаанаар хуралдаанд ирээгүй.
Гэтэл энэ өдөртөө зэрэгцээд өмнөх Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаас “анхдугаар хуралдааныг хойшлуулсан” тогтоол гаргасан. Үндэслэлээ “Анхдугаар хуралдаан танхимаар хуралдах ёстой, цахимаар хуралдаж байгаа 2 төлөөлөгчийг хуралдааны ирцэд оруулан тооцохгүй тул Анхдугаар хуралдаан хүчин төгөлдөр ирцтэй биш” гэж үзсэн.
Шүүхээс: 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Анхдугаар хуралдааныг хуулийн дагуу зохион байгуулсан, уг хуралдаанаас гарсан шийдвэр хүчин төгөлдөр үйлчилнэ гэж үзэв.
Анхдугаар хуралдаан зохион байгуулах цаг хугацаанд Ковид-19 цар тахлын улмаас улсын хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хорио цээрийн дэглэм тогтоосон байсан тул Анхдугаар хуралдааныг цахим, танхим хосолсон хэлбэрээр явуулсан нь тухайн үеийн нөхцөлд тохирсон, цар тахлаас хамгаалах талаарх хуулийн зорилгод нийцсэн байна.
Харин бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон Хурлын Тэргүүлэгчдийн тухайд, 2020 оны 11 сарын 04-ний өдөр хуралдаж, Анхдугаар хуралдааныг нэгэнт товлосон, ийнхүү товлосноор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон учраас хуралдааныг хойшлуулах шийдвэр гаргах эрхгүй.
Хурлын төлөөлөгч хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар зориудаар хуралдаанд оролцохгүй байхыг хуулиар хориглосон, иймээс 9 төлөөлөгчийн тухайд, Анхдугаар хуралдаанд оролцох үүрэгтэй, зарим төлөөлөгчдийг хуулийн байгууллага шалгаж байгаа асуудал нь Анхдугаар хуралдааныг хойшлуулах, хуралдаа ирэхгүй байх хуулийн үндэслэл биш гэж дүгнэсэн.
Тоймыг бэлтгэсэн: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Тунгалаг