НУУЦ САНАЛ ХУРААЛТЫН ДҮНГЭЭР ТОГТООЛЫН ТӨСӨЛ БАТЛАГДСАНД ТООЦОГДОНО
2023-09-26 Админ Хандсан тоо: 237 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм 

Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны06 дугаар сарын 04-ний өдрийн 118/ШШ2021/0022

Тоймын огноо, дугаар: 2023 оны 01 дүгээр сарын 11, Дугаар 2

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Агуулга: Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан болж, сумын Засаг даргад нэр дэвшүүлж томилуулах асуудлыг хэлэлцжээ.

Санал хураалтаар МАН-с нэр дэвшигч Н нь 53.3 хувь, АН-с нэр дэвшигч Г 46.7 хувийн санал авсан байна. Ингээд уг санал хураалтын дүнг баталгаажуулсан тогтоолоо ёсчилж гаргахаар санал илээр хураахад олонхи дэмжээгүй, улмаар маргаан үүсч, дахин санал хураалт явуулах болов.

Үүнийг хамгийн олон санал авсан Н эс зөвшөөрч, “нэгэнт санал хураалтаар шийдсэн асуудлаар, дахин ил санал хураах үндэслэлгүй, миний нэрийг Засаг даргад дэвшүүлэх ёстой” гэж маргасан.

Шүүхээс Н-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

Учир нь Засаг даргаар хэнийг томилох вэ гэдэг асуудлаар санал хурааж, 2 хүн нэр дэвшиж, Н олонхийн санал авсан байхад дахин санал хураалт явуулах хууль зүйн үндэслэлгүй.

Гэтэл зарим төлөөлөгч нар нь санал нууцаар хураахад өгсөн саналаа өөрчилж, илээр гар өргөх байдлаар асуудлыг шийдвэрлэх нь агуулгын хувьд зөрчилтэй.

Өөрөөр хэлбэл, санал хураалтын дүнг баталгаажуулж, бичгээр гаргасан тогтоолыг батлахдаа дахин санал хураалт явуулах эрх зүйн үндэслэлгүй, эхний санал хураалтыг дэмжсэн агуулгаар тогтоол гарах болохоос дахин шинээр санал хураахгүй.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/8884?daterange=2021-01-01%20-%202021-12-13&id=1&court_cat=3&bb=1

Тоймыг бэлтгэсэн: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд-Очир