ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨНД ОРООГҮЙ, ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧДӨД ХУУЛЬД ЗААСАН ХУГАЦААНД ТАРААГДААГҮЙ АСУУДЛЫГ ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХГҮЙ
2023-09-26 Админ Хандсан тоо: 204 ХуваалцахТоймын төрөл: Шийдвэрийн тойм
Шүүхийн шийдвэр: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 118/ШШ2022/0031
Тоймын огноо, дугаар: 2023 оны 04 дүгээр сарын 14, Дугаар 9
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Агуулга: Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны хуралдаанаар нэхэмжлэгч Б-г “хурлын төлөөлөгчөөс огцруулах” саналыг хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд нэмж оруулаад, хуралдаанаараа хэлэлцээд, 21 төлөөлөгч 100 хувийн саналаар огцруулсан байна.
Нэхэмжлэгч Б эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар маргасан.
Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байна.
Учир нь: Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд оролцвол зохих 41 төлөөлөгчөөс 21 төлөөлөгч оролцсон, төлөөлөгч Д-гийн төлөөлөх эрхийг хүчингүй болгосон байсан тул Д хуралд оролцох эрхгүй байсан. Эндээс төлөөлөх эрхгүй хүнийг хасч тооцоход хуралдаан ирцийн хувьд шаардлага хангахгүй буюу олонхи оролцоогүй хуралдаан болсон.
Хэлэлцэх асуудлын жагсаалтыгхуралдаан болохоос ажлын хоёр өдрийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй гэж заасныг зөрчиж,хуралдааны хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд ороогүй “Б-г хурлын төлөөлөгчөөс огцруулах” асуудлыг тухайн өдрийн хуралдаанд оруулж, хэлэлцэх асуудал болон түүнтэй холбоотой тооцоо судалгаа, гарах шийдвэрийн төслийг хуралдаан болохоос ажлын хоёр өдрийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах шаардлагыг хангаагүйтул хуралдаанаас гарсан шийдвэр хүчин төгөлдөр үйлчлэхгүй юм.
Хэрэв Б-г огцруулах асуудлыг Иргэдийн хурлаар хэлэлцэх бол эхлээд хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд оруулж, холбогдох баримтыг нийт гишүүдэд урьдчилан тарааж, үг хэлэх, тухайн үйл баримтыг судлах боломжийг олгох ёстой.
Шийдвэрийн холбоос: https://shuukh.mn/single_case/11779?start_date=&end_date=&id=1&court_cat=3&bb=1
Тойм бэлтгэсэн: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд-Очир