ХОЖИМ БАТЛАГДСАН ТӨЛӨВЛӨГӨӨГ ҮНДЭСЛЭН ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХГҮЙ
2023-09-26 Админ Хандсан тоо: 189 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм 

Шүүхийн шийдвэр: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 118/ШШ2022/0023

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Тоймын дугаар, огноо: №14, 2023 оны 05 дугаар сарын 23

Санамж: Энэ тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно

Агуулга: Аймгийн Засаг даргын 2018 оны А/297 дугаар захирамжаар худалдаа, үйлчилгээний зориулалт бүхий 520 м.кв газрын эзэмших эрхийг иргэн Ц-ээс нэхэмжлэгч Б-д шилжүүлэхээр шийдвэрлэж, газар эзэмших эрхийн гэрчилгээг 2019 оны хоёрдугаар сард олгосон.

Гэвч аймгийн Засаг дарга “холбогдох төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа зориулалтын дагуу хоёр жил дараалан  ашиглаагүй, газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэх үндэслэлээр дээрх захирамж болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ.

Иймд Иргэн Б “Газар эзэмших эрхийг хуульд заасан журмын дагуу шилжүүлэн авч, газрын төлбөрөө бүрэн төлсөн, Ковид-19 цар тахлын нөлөөлөл болон холбогдох мэргэжлийн байгууллагуудаар техникийн нөхцөл, барилгын зөвшөөрөл гаргуулах, газар тэгшлэх, худаг гаргуулах зэргээр газраа зориулалтын дагуу ашиглаж байсан зэргийг харгалзан үзээгүй” хэмээн нэхэмжлэл гарган шүүхэд хандсан.

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Ингэхдээ хариуцагч аймгийн Засаг дарга /захиргаа/ нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа нэхэмжлэгч Б-г хорио цээрийн дэглэмийн улмаас газар эзэмших эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байсныг харгалзан үзээгүйн зэрэгцээ хожим батлагдсан хотын хөгжлийн төлөвлөгөөг үндэслэн газар эзэмших эрхийг хүчингүй болгосныг хууль бус хэмээн үзсэн.

Мөн хуульд заасан журмын дагуу бусдаас газар эзэмших эрхийг шилжүүлэн авсан нэхэмжлэгч Б-д хамааралгүй буюу газар эзэмших эрхийг анх олж авахад тавигдах шаардлагаар хожим эрх шилжүүлэн авсан нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болгохгүй гэж үзэв.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/11391?daterange=2022-10-01%20-%202022-12-18&id=1&court_cat=3&bb=1

Тойм бичсэн: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Тунгалаг