ХҮЧИНДЭХ ГЭМТ ХЭРГИЙН УЛМААС ХҮҮХЭДТЭЙ БОЛСОН БОЛ
2023-11-13 Админ Хандсан тоо: 166 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм 

Шийдвэрийн огноо, дугаар: 2022.12.01-ний өдрийн 136/ШШ2022/00491

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй

Тойм: 2023.02.01, шийдвэр №10

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Агуулга: Иргэн А нь насанд хүрээгүй Б-г хүчиндэж, гэмт хэрэг үйлдсэний улмаас 15 жилийн хорих ялаар шийтгүүлсэн бөгөөд хохирогч насанд хүрээгүй Б жирэмсэн болж, хүүхдээ төрүүлсэн байна.

Хохирогч Б-г төлөөлж Г нь гэмт хэрэг үйлдсэн А-гаас хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан, хариуцагч А нь “эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа хохирлоо төлсөн, хүүхдийн тэтгэлэг төлөхгүй” гэж маргасан.

Шинжээчийн ДНХ-гийн шинжилгээгээр, А нь хохирогч Б-гээс төрсөн хүүхдийн биологийн эцэг болох нь тогтоогджээ.

Гэр бүлийн тухай хуульд, хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч А өөрийн хүүхдийг тэжээн тэтгэх үүрэгтэй юм.

Хүүхдийн тэтгэлэг нь хүүхдийг байнгын асран хүмүүжүүлэх үүрэггүй байгаа эцэг ба эхэд хуулиар ногдуулж байгаа үүрэг тул шүүх эцэг А-гаас нь хүүхдийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50%-иар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшний хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж шийдвэрлэв.

Тойм бэлтгэсэн: Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул