ХАРИУЦАГЧ ТАЙЛБАР ГАРГААГҮЙ БОЛ НЭХЭМЖЛЭЛИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨНД ТООЦДОГ
2023-11-13 Админ Хандсан тоо: 171 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм

Шийдвэрийн огноо, дугаар: Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.02.03-ны 00067 дугаар шийдвэр
Шүүхийн шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Шүүхийн шийдвэрийн тойм: №27

Санамж: Энэ тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Агуулга: 2022.04.21-ний өдрийн “Ажил гүйцэтгэх гэрээ”-р Б компани нь барилгын зураг, төсвийн дагуу дулааны эх үүсвэрийн барилгын ажлыг 5 сарын хугацаанд гүйцэтгэх, А компани нь ажлын хөлсөнд нийт 1 тэрбум 815 сая төгрөгийг төлөх, үүнээс урьдчилгаа 726,0 сая төгрөгийг 7 хоногийн дотор төлөхөөр тохиролцжээ.
 А компани урьдчилгаа 726,0 сая төгрөгийг төлсөн боловч Б компани барилгын ажлыг гүйцэтгээгүй. А компанийн зүгээс барилгын ажлаа гүйцэтгэхийг Б компанид удаа дараа сануулж, нэмэлт хугацаа тогтоосон боловч 2022.11.01-ний өдрийн байдлаар барилгын ажлыг 10 хувьтай гүйцэтгэсэн байна.
А компани нь Б компанийн гүйцэтгэсэн ажлын үр дүн хэрэгцээгүй болсон гэх үндэслэлээр ажлын хөлсний урьдчилгаа 726,0 сая төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Б компани нь нэхэмжлэлийг гардаж аваад шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд, хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэхээр заасан.
Шүүх Б компанийг гэрээний хугацаанд ажлыг гүйцэтгээгүй, ажил гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч үр дүн гараагүй тул А компаниа гэрээнээсээ татгалзаж, 726,0 сая төгрөгөө буцаан гаргуулахаар шаардсан нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэн Б компаниас 726,0 сая төгрөгийг гаргуулж А компанид олгохоор шийдвэрлэв.

Тойм бичсэн: Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул