НЭГЭНТ ХЭРЭГЖИЖ, БИЕЛСЭН ЗАХИРГААНЫ АКТЫГ ХУУЛЬ БУС БАЙСАН Ч ХҮЧИНГҮЙ БОЛГОХ БОЛОМЖГҮЙ
2023-09-26 Админ Хандсан тоо: 209 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм 

Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 115/ШШ2022/0021

Тоймын огноо, дугаар: 2023 оны 01 дүгээр сарын 17, Дугаар 1

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон 

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Агуулга: Иргэн А нь Засаг даргын захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар  өмчилдөг бөгөөд түүний газрыг захиргааны байгууллагын зүгээс сургуулийн барилга барих төсөл хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлага байна гэх үндэслэлээр хурааж аван сургуулийн зорилгоор ашиглах болж, харин иргэн А-д өөр байршилд газар өмчлүүлсэн байна.

Иргэн А-гаас “өмчлөлийн газрыг хууль бусаар авлаа” гэж марган, сургуулийн зорилгоор газар эзэмшүүлсэн болон түүнд өөр байршилд газар өмчлүүлсэн захирамжуудыг хүчингүй болгуулж, зөвхөн өмчилж байсан газраа буцаан авахыг хүсч маргасан, харин нөхөх олговор авна гэж маргаагүй. 

Шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Учир нь Газрын хуульд зааснаар төрийн зайлшгүй хэрэгцээ шаардлагыг үндэслэн бусдад өмчлүүлсэн газрыг төр нөхөх олговортойгоор эргүүлэн авах боломжтой боловч захиргаа уг үйл ажиллагааг хууль ёсны дагуу хэрэгжүүлж чадаагүй байсан, гэтэл захиргааны шийдвэр нэгэнт хэрэгжиж, сургуулийн барилга баригдаж дуусан тухайн зориулалтаар ашиглагдах болсон тул иргэн А-гийн хувьд түүний газар өмчлөх эрх өмнөх байдалд сэргэх боломжгүй буюу  уг газраа гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлөх боломжгүй юм. 

 Нэгэнт иргэн А нь нөхөх олговор авахаар маргаагүй бөгөөд харин тэрээр  өмнөх газартаа өмчлөх эрхээ сэргээлгэхээр маргахын тулд газар өмчлөх эрхийг нь зөрчсөн захиргааны байгууллагын шийдвэрийг хэрэгжиж эхлэхээс өмнө  хуульд заасан хугацааны дотор болон барилгын ажил эхлэх үед шүүхэд гомдол, нэхэмжлэлээ гаргах байтал тухайн цаг хугацаанд маргаагүй буруутай байна. 

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/10067?daterange=2022-01-01%20-%202023-01-17&id=1&court_cat=3&bb=1

Тойм бэлтгэсэн:  Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Цэнд