ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТЛААГҮЙ, ҮНЭЛЭЭГҮЙ БОЛ САХИЛГЫН ШИЙТГЭЛ ХҮЛЭЭЛГЭХГҮЙ
2023-09-26 Админ Хандсан тоо: 237 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм 

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Дорноговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021.10.07-ны өдрийн №115/ШШ2022/0011 

Тоймын дугаар, огноо: № 09, 2023.02.01

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

САНАМЖ: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Агуулга: сумын Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Б.М-г “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилт, чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэж үзэн, төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Нэхэмжлэгч Б.М-с “...буруутгаж байгаа зөрчил гэх асуудлууд нь олон албан хаагчид болон удирдлагуудын үйл ажиллагаанаас үүдсэн нэгдмэл асуудал, зөрчил гаргаагүй, албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэн, холбогдох дүрэм журмуудыг биелүүлэн ажилласан” гэж, харин хариуцагчаас “төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах, орон нутагт хийх хөрөнгө оруулалтыг төлөвлөх, үр ашгийг нь дээшлүүлэх чиг үүргийг хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулах, хяналт тавих, мэргэшил, арга зүйн дэмжлэг үзүүлж, тайлагнах зэрэг албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн” тул сахилгын шийтгэл үндэслэлтэй гэж тус тус маргасан.

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдсэн.

Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн жинхэнэ албан хаагчид хариуцлага хүлээлгэхдээ ажлын гүйцэтгэл, үр дүнг үндэслэн шийдвэрлэхээр байхад нэхэмжлэгч Б.М-ын 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлаагүй, 2020 оны жилийн эцсийн гүйцэтгэлийн тайланг хянаж, үнэлэлгүй халах шийтгэл ногдуулсан нь хууль бус юм.

 Зөрчил гэж үзэн нэхэмжлэгчийг буруутгаж байгаа асуудлуудыг зохих журмын дагуу шалган тогтоогоогүй, зөрчилд тооцогдохооргүй асуудлаар нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр буруутгасан, зөрчилд тооцсон асуудлыг илрүүлснээс хойш 10 сарын дараа буюу хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсний дараа шийтгэл ногдуулсан зэргээр захиргааны байгууллага алдаатай шийдвэр гаргажээ.

Тойм бэлтгэсэн: Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Отгонтуяа